ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна

O.Admin
2 цагийн өмнө

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.  Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.

 Уулзалтад оролцогчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулах, мөн зөвлөлийн гишүүдийг нээлтэй сонгон шалгаруулдаг байх, томилох, чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах  саналыг Ерөнхий сайдад тавьсан юм.

Журмын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн саналыг урьдчилан авч, тусгасан. Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ерөнхий сайдад танилцуулжээ. 

Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоог тодорхой тусгажээ.