ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн өргөн барих хууль ба еэвэнгийн хоёр тал

O.Admin
1 цагийн өмнө

“Зэрэг нэмэхийн өмнө” гэх Монголын уран сайхны кинонд гардагчлан еэвэнгийн нэг талыг эзэн ноён нь эрж хайхад таллаж идсэн еэвэнгээ хоёр тал руу нь эргүүлж харуулдаг шиг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн яаралтай горимоор өргөн барьж, Засгийн газраас санал авахаар яригдаж буй Үндсэн хуулийг зөрчиж, ёсзүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл еэвэнгийн хоёр тал шиг магтаал, шүүмжлэлийг зэрэг сонсож байна.

Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд зааснаар Ерөнхийлөгч бол хууль санаачлах, өргөн барих эрхтэй субьектийн нэг. Нөгөөтээгүүр, ард түмний эв нэгдлийг хангагч гэдэг утгаараа ёсзүйгүй үйлдэл гаргаж, гэмт хэрэгт холбогдож, өргөсөн тангаргаасаа няцаж, ард түмнээ, сонгогчдоо үл тоомсорлож байгаа гишүүдийг эгүүлэн татдаг болсноор парламентын нэр хүнд сэргэж, нэр хүндийн дархлаатай болно гэж хуулийн төслийг өргөн барихдаа ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр мэдэгдэв.

Еэвэнгийн нэг талаас харвал энэ үнэхээр Монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй байсан төсөл мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Төрийн өндөр сэнтийд оччихоод ард түмнээ мал, тролл гэж доромжилж суугаа УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа, багш нарын нэр барьж гарч ирчихээд хэн дуртайгаа доромжилж, сошиалаар ёсзүйгүй авир араншин гаргаж буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Эрчим хүчний салбарыг тэр чигээр нь авлигын үүр уурхай болгож буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэх мэтээр нам, намын ёсзүйгүй улстөрчдөд хуультай, төртэй улс гэдгийг сануулж, эгүүлэн татах нь гэмгүй мэт санагдана.

Гэвч еэвэнгийн нөгөө талыг эргүүлээд харвал нам бус гэх төрийн тэргүүний энэхүү хууль парламентыг аюулд оруулж, хүчийг сулруулах зэвсэг болж хувирах вий гэдгийг ч эрүүл саруул сэтгүүлчид сануулж, сэрэмжлүүлж байхад буруудахгүй санагдана. Яагаад вэ гэж үү. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д хууль өргөн барихдаа гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах гэж Үндсэн хуульдаа тусгайлан хайрцагласан байдаг гэж нэг хэсэг нь тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь ямар ч хуулийг өргөн барих эрхтэй хэмээн өмгөөлж байна.

Мөн УИХ-аас баталсан хуульд хориг тавих эрх бол Ерөнхийлөгчид хадгалагдаж байгаа. Гэвч иргэний сонгох, сонгогдох эрхэнд шууд утгаар халдаж, ардчилсан Монгол Улсын иргэний сонгох эрхээр төрд орж ирсэн УИХ-ын гишүүнийг нам бус Ерөнхийлөгч хууль өргөн бариад эгүүлэн татаж буй нь хэр зохистой вэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн нь ярих ёстой болж байна.

Хэрвээ энэ хууль хэн нэгний ноёрхлоо тогтоох, цаашлаад өс хонзондоо ашиглах хэрэгсэл болон хувирвал хэрхэх вэ. Нара л муухай байна гэсэн нийгмийг өдөөн турхирсан үйлдлийн цаана өөрт нь таалагдаагүй, өөрийг нь таалж, дэмжээгүй улстөрч бүхнийг эгүүлэн татаж, иргэдийнхээ сонгох эрхийг булаагаад авчихвал юу болохыг сануулж бичихэд гэмгүй санагдана.

Парламентын олонхийн шийдвэрийг хэлэлцүүлснийхээ төлөө хүртэл Х.Булгантуяа гэм буруутан болж татагдах болзлоо энэ хуулиар хангачихлаа гэсэн үг. Эрх биш энэ парламентад эрүүл саруул сэтгэхүйтэй улстөрч олноороо суугаа бол Үндсэн хуульдаа баригдаж эгүүлэн татахаа хуульчлах уу гэдгээ бодож үзэх биз. Нөгөөтээгүүр, нэгнээ гэмт этгээд болгож, гишүүнээс амархан татуулж болох хуулийн цоорхой хаана гарч болохыг тооцоолж, долоо хэмжиж нэг огтлох учиртайсан.

Дөнгөж хэдхэн өдрийн өмнө хууль батлах байгууллагын дарга буюу УИХ-ын дарга нь өөрөө намынхаа дөрвөн ч гишүүнийг хөөж буйгаа мэдэгдэв. Гэхдээ хамгийн нь аюултай нь хэн ч тэдний гэм буруутайг тогтоож амжаагүй байсан. Гурван шатны шүүхээс ч шийдвэр гараагүй байв. Гэтэл шүүх бус намын дарга нь тэднийг гэмт хэрэгтэн гэж зарлаж байгаад намаас хөөчихлөө. Яг түүн шиг УИХ-ын гишүүн хэнбугай ч гурван шатны шүүхээс ял аваагүй байхад хэвлэлээр нүдэж, ялтан гэмт хэрэгтэн мэтээр цоллож байгаад УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах байдлаар нэгнээсээ өс хонзон аваад байвал Монгол Улсад парламентын засаглал аюулд орох уу гэдэг асуултад хууль өргөн барьж буй Ерөнхийлөгч ч нэг мөр хариулт өгөх биз ээ.

Ардчилсан Монгол Улсын иргэн бүхэн сонгох, сонгогдох эрхтэй. Тэр тусмаа өөрийнх нь сонголт буруу байсан бол залруулах эрх нь ч бас иргэндээ хадгалагдах учиртай юм. Хэрвээ өөрийнх нь сонгосон улстөрч нь буруу замаар будааж тээж, нэр төрөө уландаа гишгээд байвал дараагийн сонгуулиар түүнийг дугуйлахгүй, сонгохгүй байснаараа сонгох эрхээ хамгаалж үлддэг. Улс төрийн намууд ч ёсзүйн хариуцлага, дүрэм журмаараа энэ бүхнээ зохицуулаад хэнийг ард түмэнд илгээх, хэнийг хойш татах вэ гэдгээ шийдчихдэг.

Гэтэл Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна, жагсаалтын гишүүд л баба байна гэсэн тархи угаалтын дор парламентын засаглалаа эрсдэлд оруулж мэдэх хуулийн төслийг бүр нэн яаралтайгаар хэлэлцэх гэж байгаа нь парламентын нэр хүндийг хамгаалах гэсэн чин сэтгэлийн дуудлага гэхээс илүү өөрийн ноёрхлоо тогтоож, өрвөлзсөн хэнбугайг ч улс төрөөс зайлуулах зэвсэг болон ашиглагдах вий гэсэн айдастай тал еэвэн л харагдаж байна даа.

Монгол Улсын иргэний сонголтыг хэн нэгэн бүр Ерөнхийлөгч өмнөөс нь шийдээд “Чиний сонгосон сонголт буруу байна. Чиний сонгосон сонголт ёсзүйгүй лайвчин, хэрүүлч юм билээ” гэж хэвлэлээр бичүүлж байгаад эгүүлэн татаад байвал энэ улсын иргэд нь сонголт хийж дугуйлж, улсаараа сонгууль хийж мөнгө үрэх ч хэрэг алга гэдгийг сануулчихвал шүүмжилсэн буруутан болохгүй биз. Авах гээхийн ухаанаар хандах асуудал дагуулж мэдэх хуулийн төслийг тун няхуур хэлэлцэнэ гэж найдъя. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин