“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Газрын дарга Б.Пүрэвсүрэн, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Отгонсүрэн нар Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагч Б.Баатарзоригтой уулзаж, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалт, газар чөлөөлөлт болон барилгажилтын төслүүдийн уялдаа холбооны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Толгойт дэд төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн бөгөөд газар чөлөөлөлт, инженерийн дэд бүтэц, барилгажилтын төслийн төлөвлөлтийг үе шаттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК нь өнгөрсөн онд тус бүсийн 19,700 өрхөөс 250 өрхийг түүврийн аргаар сонгон нарийвчилсан судалгаа хийсэн. Судалгаагаар оршин суугчдын орчны тохижилт, орон сууцны хэлбэр, нийтийн тээвэр, үйлчилгээний хүртээмж, газраа орон сууцаар солих эсэх зэрэг олон талт хэрэгцээ, хүлээлтийг тодорхойлсон билээ. Энэ судалгаанд үндэслэн Толгойт дэд төвийн барилгажилтын төслийн зураг төслийн ажлыг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээх гэж байна.
Мөн НИТХ-аас 2028 он гэхэд эхний 1000 айлыг орон сууцанд хамруулах зорилт дэвшүүлсэнтэй холбоотойгоор 2027 оны эхний хагасаас газар чөлөөлөлтийн ажлыг бодитоор эхлүүлэх шаардлагатай байгааг Газрын дарга Б.Пүрэвсүрэн дурдлаа. Үүнтэй уялдуулан дэд бүтцийн ажлыг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн дуусгаж, дараагийн шатны газар чөлөөлөлт, барилгажилтын ажлыг саадгүй эхлүүлэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм.
Уулзалтад “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц” төсөл болон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төлөөллүүд мөн оролцсон бөгөөд Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагч Б.Баатарзориг цаашид “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-тай дэлгэрэнгүй уулзалт зохион байгуулж, нягт уялдаа холбоотой ажиллахаар болов.
