Боаогийн Азийн чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож байна

O.Admin
2024-03-29

“Азийн Давос” гэгддэг Боаогийн чуулга уулзалт энэ оны гуравдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Сингапур, Хонконг, Индонейз, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцов. Тэрээр Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.

Нэгд, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндсөн. Азийн орнуудыг хамарсан иж бүрэн тогтолцоог бий болгох нь зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засгийн тэлэлтэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон.

Хоёр дахь асуудал нь хөрөнгө оруулалтыг дэмжих замаар санхүүгийн салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай байв. Монгол Улсын санхүүгийн салбар тэлсээр байгаа боловч санхүүгийн салбарын активын 90 орчим хувийг банкны салбар бүрдүүлсэн хэвээр байгааг хэлсэн. Монгол Улс банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн байгууллагууд нэвтрэн орж ирэхэд нээлттэй, дэмжих бодлого баримталж байгааг энэ дашрамд дуулгасан юм.

Гуравт, ногоон санхүүжилтийн чиглэлээр санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. Тэрээр энэ тухай тайлбарлахдаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа нь асар их хөрөнгө оруулалт шаардах тул бүс нутгийн эдийн засгийн интеграци болон уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг дэмжих урт хугацааны санхүүжилтийн механизм бүрдүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо. Ногоон эдийн засаг нь Монгол Улсын хувьд харьцангуй шинэ салбар боловч, манай Засгийн газар 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг суурь түвшнээс 23 хувиар бууруулах үүрэг амлалт хүлээж, олон санал, санаачилга гарган ажиллаж байгааг онцолсон. Мөн тогтвортой санхүүжилтийг дэмжихэд Монголбанк манлайлан оролцож, 2019 онд санхүүгийн салбарт ногоон таксономи, 2022 онд Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураглалыг батлан хэрэгжүүлж байгаа бол 2023 оны 6-р сард Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын таксономиг батлаад байгаа зэрэг үр дүнг дурдлаа.

Боаогийн Азийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн инновац гэсэн дөрвөн том сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын нийгэмлэгүүдэд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, үүрэг хариуцлагаа хэрхэн оновчтой шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байна.