Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр допингийн шинжилгээний хариуг зарлалаа. Тодруулбал, 48 тамирчнаас допингийн шинжилгээ авснаас гурвынх хариу эргэлзээтэй гарчээ. Бөхийн 32, сурын 16 тамирчин хамрагдсан байна. Улмаар, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харьяат, аймгийн арслан Н.Баяржаргалын шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрснийг зарлалаа.
Нэг тамирчны тухайд үр дүнгийн удирдлага хэрэгжиж байгаа учир нэрийг нь зарлах боломжгүй, нөгөөгийнх нь хариу эцэслэгдээгүй байгааг Баяр наадам зохион байгуулах комиссын салбар комиссын Нарийн бичгийн дарга Д.Давааням, Допингийн эсрэг байгууллагын Нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа нар мэдэгдэв. Шинжилгээний хариу нь эцэслэж ирээгүй, 3-4 долоо хоногийн дараа ирэх бөх нь улсын гарьд Б.Гончигдамба гэлээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням хэлэхдээ “Допингийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны салбар хорооноос байгуулсан үр дүнгийн удирдлагын багийн албан ёсны мэйл хаягт ирүүлдэг. Энэ хаягийн нууцлалыг ганц би мэдэж байна. Уг хаяг нь ХЗДХЯ-ны албаны хаяг. Допингийн шинжилгээний хариу зэрэгцэн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын албаны мэйл хаягт ирдэг. Тэр байгууллагын дотоод нууцлалын асуудлыг би мэдэхгүй” гэв. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөө жилийн баяр наадамд үзүүрлэж, Улсын гарьд цолны болзол хангасан Н.Өсөхбаяраас илэрсэн хэмээн мэдээлж эхэлжээ.