Улсын баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн бай мөнгөн шагнал, чимэгийн үнэмлэхийг энэ сарын 13-нд болсон Уяачдын наадмын үеэр Хүй долоо худагт гардуулан өгчээ. Уламжлал ёсоороо түрүү бөхөд 15 сая төгрөг өгсөн бол үзүүрлэсэн бөхөд 10 сая, шөвгөрсөн хоёрт долоо сая төгрөгийг тус бүр өгсөн бөгөөд мөн бөхийн чимгүүдийг гардуулан өгсөн аж.
Тэгвэл Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс шинэхэн аварга Намсрайжавын Батсуурийг "Ниссан"-ы хамгийн сүүлийн үеийн загвар QX 80 жип автомашин, дөрвөн өрөө байраар шагнаж, шөвгөрсөн С.Мөнхбат аварга, Сэлэнгэ аймгаар овоглодог ч Увс нуур дэвжээнд харьяалагддаг Н.Жаргалбаяр заан нарт тус бүр 50, 50 сая төгрөгөөр урамшуулжээ.
Мөн өнөө жилийн Улсын мэргэнээр тодорсон Тэс сумын уугуул, даян мэргэн харваач Д.Норжмааг 20 сая төгрөгөөр амжилтыг нь мялаасан байна. Мөн Н.Батсуурь аваргад нэр дээрээс нь барилддаг "Химон констракшн" ХХК-иас "Sunshine garden" хотхонд 11 өрөө хаус бэлэглэлээ. Н.Батсуурь аварга үүнээс гадна түрүү бөхийн бай болох Ланд-200 автомашинаа ч наадмын маргааш гардаж авсан билээ.