Б.Энх-Оргил: Дэмжигчдийн минь хүсэл биелж, ялалт миний талд буулаа

O.Admin
7 цагийн өмнө

"ONE championship" холбооны аварга Б.Энх-Оргил эх орондоо өчигдөр ирсэн бөгөөд түүнийг холбооны хамт олон болон ээж Ж.Алтанцэцэг бусад ах дүү нь угтан авсан юм.

Аварга маань угтан авсан хэвлэлд "Энэ олон дэмжигчдийн минь хүсэл биелж, ялалт миний талд буулаа. Хүнд тулааныг давлаа. Түрүүлсэндээ маш их баяртай байна. Аварга болж чадлаа. 25 жилийн бэлтгэлийн үр шимээ хүртсэндээ баяртай байна. 11 жилийн дараа багштайгаа хамтдаа амжилтыг нь давтаж, хамтдаа явж энэ цолыг авсан нь сайхан байлаа. Маш их ядарч буй учраас одоо нэг хэсэг амарна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Тэгвэл түүний ээж, Ховд аймгийн эмнэлэгт насаараа сувилагчаар ажиллаж байсан Ж.Алтанцэцэг гуай "Хүүгээ аварга болсонд маш их баяртай байна. Ж.Нарантунгалаг багш өдийг хүртэл хүүг минь спортоор хүмүүжүүлээд явсанд баярлаж байна. Миний хүүг шимтэн үздэг ард түмэндээ талархаж байна. Тэнгэрээс хүүгээ аав нь харж байгаа байх. Миний хүү Оюутолгойд 14 хоног ажиллахдаа ч шөнө нь нойргүй бэлтгэлээ хийдэг байсан. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд амжилтад хүрлээ.“Ээжээ шөнө 3 цагт бэлтгэлээ хийлээ, өдрийн 2-3 удаа бэлтгэлээ хийж байна” гэхээр нь би санаа зовдог байлаа.

Миний хүү уйгагүй хөдөлмөрлөдөг, цагийн юмыг цагт нь хийдэг. Нэлээн хүнд тулаан болсон ч зүрхээ чангалаад, хүүгийнхээ цамцны захыг мушгиад, сүүгээ өргөөд үзлээ. Хүүдээ тун хянамгай, аятайхан тулаанаа хийгээд ирээрэй гэж захисан. Миний хүү багаасаа спортлог байсан, эрт босдог, хийе гэсэн зүйлээ хийчихдэг. Хүүгээ анх холимог тулааны спортоор хичээллэж эхлэхэд нь л ямар ч байсан болно, бүтнэ, хичээнэ, зүтгэнэ, оргилд хүрнэ гэж итгэж байсан" хэмээн сэтгэлдлээ илэрхийлжээ.