Тухайн жилийнхээ спортын шилдэгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно-2024” наадмын шилдэг эмэгтэй тамирчин болсон Хүндийн спортын мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Дэлхийн аваргаас тавдахь удаагаа медаль хүртэж, анхны таван медальтай тамирчин болсон нь үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Энэ хүртэл хамт байсан нийт үзэгчдэдээ баярлалаа. Бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа. Миний хувьд 10 настайгаасаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн.
Нийтдээ 17 жил хичээллэж байгаа. Энэ спорт маань өөрөө маш хүнд спорт. Болохгүйгээс болох хүртэл маш олон зүйлийг золиосолж байж энд хүрсэн. "Одоо боллоо" гэж хэлмээр байна. Миний хувьд зодог тайлах шийдвэрийг гаргахдаа ямар ч байсан дэвжээн дээрээсээ дүүрэн мэдрэмжтэй бууж байгаадаа баяртай байгаа.
Хүүхэд байхаасаа маш том зорилго тавьж, түүнийхээ төлөө өдөр шөнөгүй хичээсэн. Зорилго тавьсан бол түүнийхээ төлөө л яваарай. Спортын амьдрал маш богинохон. Тиймээс хүндлэл, хайрын төлөө тасралтгүй хичээгээрэй гэж хэлье. 27-хон настай зодог тайлж байгаа ч бүх салбарт ажиллаж, юм юм хийж үзмээр санагдаж байна. Миний хань бүх цаг хугацаанд нэг ч удаа намайг боль гэж хэлж үзээгүй. Хэцүү бүхнийг ойроос харж байсан учраас хамгийн түрүүнд "амар даа" гэж хэлж байгаа. Өдийг хүртэл намайг хайрлаж, хүндэлж байгаад баярлалаа. Зодог тайлах мэдээ болгоны сэтгэгдлийг уншиж, та бүхнээсээ урам авч байгаа шүү" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.