ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхбаясгалан: Манай фракциуд гэмт хэргийн бүлэглэлд худалдагдчихсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

АН-ын дараагийн даргыг сонгох ҮБХ-ны хуралдаан өнөөдөр болж байгаа билээ. Тэгвэл тус намын даргад өрсөлдсөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлэв.

Л.Мөнхбаясгалан гишүүн хэлэхдээ "Мөнгийг нь бол би дийлэхгүй юм байна. Гэхдээ гүтгэлэг доромжлолоос айгаад байх юм алга. Хүний олон хүнээ барьдаггүй юм. Хайрцаглагдсан ҮБХ-ны гишүүдийн саналаар намын даргаа сонгоно гэж байна. Энэ нь дахиад дүрмээ зөрчинө. Дахиад Дээд шүүх дээр бүртгүүлэхгүй буюу 2, 3 тамгатай нам болно.

ҮБХ-ны хугацаа 2023 онд дуусчихсан. 160 гаруй сум даргагүй, 15 аймаг, найман дүүрэг ялагдсан учраас даргагүй, хурлаа ч хийж чадахгүй байгаа. Ийм нөхцөл байдалд ҮБХ-г хэдэн хүн худалдаж авч хайрцаглаад, АН-ын даргыг тавилаа гэдэг драм тавих нь ээ. Монголд ерөөсөө ганцхан төрлийн бизнес байдаг нь уул уурхай.

Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Эрдэнэтэд квот авдаг, Оюутолгойгоос авлига авдаг, Тавантолгойгоос юу авах вэ гэдгээ шийддэг. Дараагийнх нь банкны хулгайч нар. Би дарга болсноор нөгөө намтайгаа хуйвалдаанд ордог, намын албан тушаалыг зардаг, Эрдэнэтийн зэс дээр хэдэн хувийн квот авах вэ гэдгээ тохирдог байдлыг өөрчлөхийг хүссэн ч хүлээн зөвшөөрөхгүй бололтой. Нэг нь нэрээ татаж, нөгөөх нь намын даргаар сонгогдсон гэдэг жүжгээ тавих нь ээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Би АН-ын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байсан юм. Гэтэл жирийн гишүүдээсээ сонгох, сонгогдох эрхийг булааж аваад зөвхөн ҮБХ-гоор шийдэх нь ээ. Энийг АН-ын гишүүд хүлээн зөвшөөрч уг нь болохгүй юм. Дараагийн удаа хэн Ерөнхий сайд болж, хэн Ерөнхийлөгч болж ордоо хувааж идэж, хэдэн хүн ашиг олох вэ гэдэг наймаа л хийгдэх нь ээ. Бүлэг, фракциараа эрх мэдлээ хувааж авахаар наймаа хийж байгааг би хараад сууж чадахгүй. Би сэтгүүлч байсан хүн ийм заваан юмны эсрэг зогсоно. Хурал руу орж би асуудлыг ярина.

С.Баярцогтын найруулсан жүжгээр явахыг хатуу эсэргүүцэж үгээ хэлээд гарна. Төлөөллийн төв байгууллага нь намын даргаа батламжилж, нийт гишүүдээсээ сунгаа хийдэг байсныг үгүй болгожээ. АН бол таван намын нэгдлээс үүссэн. Фракци бол мөнхийн үзэгдэл. Түүнийг буруу гэж хэлэхгүй. Энэхүү фракциуд нь гэмт хэргийн бүлэглэлд дагаар ороод мөнгөөр асуудлыг шийддэг болчихсон. Манайхан мөнгө алга, шударга ёс Монголд алга гэдэг. Гэтэл хүний нүд рүү харж чадахгүй, олигтой дуугарч чадахгүй л явна. Ад үзэгдэх зоригтой, амжилт хүсчих сэтгэлтэй яваарай. Манай салбар хүртэл намайг гутаан доромжилж, цалингаа тавилаа. Нийгмийн даатгалыг нь төлөөрэй гэж хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ.