ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр: Намаа хуваасангүй, алдаж асгасангүй

O.Admin
2 цагийн өмнө

Өнөөдөр хуралдаж буй АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар хариуцлагын асуудлаа буюу намын даргын суудлаа өгөх асуудлыг оруулж буй АН-ын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Өнөөдрийн хурлаар таван асуудлыг хэлэлцэнэ. Намын дүрмийн зарим нэг өөрчлөлтийг хийнэ. Нэмээд мөрийн хөтөлбөр баталж, Дээд шүүхэд батлуулах ёстой. Мөн ҮБХ-нд намын даргын албан тушаалыг хэлэлцүүлэх чиглэл өгсний дагуу энэхүү хүсэлтээ гаргана. Намын даргыг сонгох журмаараа сонгуулиа явуулна гэдэгт итгэлтэй байна.

АН өөрөө зовлон үзсэн нам. Хоёр хуваагдаж, даргагүй, бүртгэлгүй явж ирсэн. Одоо бол албан ёсны газар нь албан ёсны хурлаа хийж, шийдвэрээ гаргана. Аль ч судалгаагаар АН нэгдүгээрт байгаа. Тэгэхээр одоо томилогдох намын дарга эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллаж, хоёр нүүргүйгээр явах байх аа. Мөн хүчтэй сөрөг хүчин байх үүрэг даалгавар ногдоно. Шинэ хуулиар намын бүх шатны байгууллагыг эмхлэх үүрэг даалгавар ч шинэ намын даргад ирнэ. АН-ын хэр сайн дарга байсныг ард түмэн дүгнэх биз.

Би сонгуулийн өмнө таван хувьтай нам хүлээж авсан. Тухайн үед МАН манай намаас 2, 3 дахин өндөр рейтингтэй байсан нь үнэн. Өнөөдөр бол эрх баригч намаасаа илүү гарчихсан намыг би хүлээлгэж өглөө. Гагцхүү сайн, мууг түүх дүгнэх учиртай. Ямар ч байсан намаа хуваачихсангүй, алдаж асгасангүй.

Лу.Гантөмөр гэж хүн намын даргаар сонгогдох үед санал өгч байсан хүмүүсээс хэн нэгэн хүнийг хавчих, гадуурхах, шахалт үзүүлэх гэх мэт үйлдлийг гаргахгүй байхыг хичээсэн. Энэ бол Монголын төлөөх үйл хэрэг.  Өөртөө байгаа үүргээ өөрийнхөө цаг хугацаанд нэр төртэй гүйцэтгэх нь улстөрч хүний мөн чанар. ҮБХ-ны эрх нь өөрөө тодорхой. Дүрмээ өөрчлөөд намын даргаа сонгох уу, эсвэл хуучин дүрмээр сонгоод явах уу гэдгээ тэд шийднэ. Тэр эрхэнд хэн нэгэн халдаж огт болохгүй.

Энэ хурал дээр янз бүрийн санал гарна. Ардчилал бол олонхийн саналаар шийдэгдэнэ. Олонхи саналаа гаргавал цөөнх дагаад л явна. Хэрвээ хамтарсан Засгийн газарт хэвээр байсан бол бид арванхоёрдугаар сард намын даргаа сонгож, дүрмээ шинэчлэх байсан ч бидний зорилгыг МАН уландаа гишгэсэн учраас би улс төрийн хариуцлагаа хүлээгээд ажлаа өгч байна. Би энд ажлаа өгөхгүй гэж гүрийж байгаа мэтээр асуудалд хандаж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.