Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч 30 гаруй минут хүлээж, 14.30 цагт эхэлсэн ч дахин хойшилж, 16.00 цагт эхлэв.
Огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Улмаар, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар уулзахаар болсон тул хуралдааныг 30 минут хойшлуулж, дахин хуралдаж эхэлснээр Байнгын хорооны гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулж эхэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Г.Занданшатар дарга аа, яагаад намын асуудлыг төрийн зовлон болгочихов оо. Намын даргын сонгуулийн хариугаас болж та муур, хулгана болж тоглолоо. Намын өрсөлдөөнөө хойш тавих атал Үндсэн хуулиа зөрчөөд та мэдэгдэл хийсэн. Бид чин шударга, үнэнч байх ёстой. Нүүрсний сонсгол хэзээ явагдсан юм. Оффтейк гэрээ чинь таны УИХ-ын даргаар ажиллаж байсан үеийнх. Намын зовлонгоо төрийн зовлон болгодог буруу байхгүй юу. Б.Энхбаярыг Хуульзүйн сайдаар томилж байна гэдэг өөрөө Үндсэн хуулийн зөрчил рүү чирсэн шүү.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-92.3 хувийн саналаар та бүхэн намайг дэмжиж Ерөнхий сайд болгосон. Засгийн газрын гишүүнээ томилж, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад өгсөн. Та Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийддэг юм биш ээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирээд хэлэлцэж байгаагаараа та харин намын зовлонг төрийн зовлон болголоо. Намын асуудлаа цагаан байрандаа ярьцгаая.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-Одоогоос дөрвөн сарын өмнө 92.3 хувийн саналаар Ерөнхий сайдыг дэмжиж, Засгийн газраа бүрдүүлсэн. Гэтэл одоо огцруулмаар байна гэж байна. Ул суурьтай хандмаар байх юм. Засгийн газраа огцруулах асуудлыг ул суурьтай танилцмаар байна. Гэтэл тарааж өгөхгүй байсаар сая л танилцлаа.
Хүн гүтгэсэн, АМНАТ гэх мэт асуудлыг тавьжээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор ул суурьтай, судалгаатай хэлэлцэж байж шийдвэрээ гаргамаар байгаа юм. Дэгийн тухай хуулийг бид хуулийн төсөл гэж хараад явах юм уу, агуулга мөн чанараар нь хараад явах юм уу. Өнөөдөр гадаа эмч, багш нар жагсаж байгаа. Цалинг нэмэх гэхээр татвараа нэмэх ёстой биш. Тиймээс төрд нүүрлэсэн хулгайтай тэмцэх гэхээр ийм асуудал гараад ирж байгааг та юу гэж харж байна вэ.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Монгол Улсын Засгийн газрын гарааны гурван сар эдийн засгаа өөд нь татаж, эх оронд нүүрлээд байгаа хулгайг цэгцэлж, баялгаа эргэлтэд оруулсан сар байлаа. “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ томилсноор сая, сая тонноор экспорт нэмэгдлээ. Валютын нөөцөө бүрдүүлж, 1.8 дахин биржийн арилжаа нэмэгдлээ.
Бодит хулгайтай тэмцэж, онцгой дэглэм тогтоосноор улсын төсөв ашигтай гарч, экспортын орлого өссөн. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг би сүүлийн гурав хоног хайгаад олсонгүй. Хэдэн удаа толгой солигдсон, гишүүд шаардсан бичигтэй эхлээд танилцаж хариу өгөх ёстой биз дээ. Бүх шатанд байгаа хулгайтай тэмцэх нь Засгийн газрын хуулиар хүлээсэн үүрэг юм шүү дээ. Намын сонгуультай ч хамаагүй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Ерөнхий сайд сайдыг томиллоо гэж хэлснээрээ төрийн харилцан тэнцэл, эрх мэдлийн салаа мөчир буюу харилцан тэнцлийг алдагдуулсан. Үндсэн хуулийг жижгээр зөрчинө гэдэг ойлголт байхгүй. Үндсэн хуулийг дагаж мөрдөнө, сахина гэж энд суугаа биз дээ.
Эхлээд дэс дарааллаар танилцуулаад яваад томилох эрхээ эдлэх атал шууд гарч ирснээрээ Үндсэн хууль зөрчсөн. 25 хувийг зараад 75 хувийг шууд биржийн бус аргаар зарснаа түүнийгээ биржийн арилжааны зарчмаар авна гэдэг ноцтой асуудал. Хүнийг хэлмэгдүүлсэн, гүтгэсэн хүнийг сайдаар томилно гэдэг хэлмэгдүүлэлт явагдана гэсэн үг. Миний албан бичгийн толгой огт солигдоогүй шүү.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Өчигдрөөс эхлээд оффтейк гэрээ гэдэг хүснэгт цахимаар гарч ирэв. Тэр нь өмнө ил болчихсон юм билээ л дээ. Нэгдүгээрт та хэдээс хэдэн оны хооронд ХЭГ-ыг удирдсан, хэдэн онд ҮАБЗ-д байсан бэ. Та хуралдаа ер нь суудаггүй байсан юм уу. Таныг байх үед энэ гэрээ чинь ил болчихсон юм биш үү. Тэр шийдвэрийг яагаад нууцалсан юм. Яагаад нууцад оруулъя гэсэн юм. Хэн энэ саналыг гаргасан юм. Нууцад оруулъя гэсэн протоколыг гаргаад ир. 2019-2022 оны хооронд энэ оффтейк гэрээ хийгдсэн. Мухар төмөр зам шүү. 30 гаруй гэрээг хэн нууцалсныг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс ч асууя. Хууль зөрчсөнийг чи тогтоохгүй гэх байх. Гэхдээ АМНАТ-аар яагаад давуу байдал бий болгочихсон юм. Хуулийг яаж гууль болгодгийг харлаа. 15 хоногт хүн яаж засагладаг вэ гэдгийг харлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Төрийн түшээ хүн хуулиа сайн судлаарай. Оффтейк гэрээ буюу гүйцэтгэх засаглалын шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргадаг юм биш. Оффтейк гэрээг авч үзээгүй, уншиж ч үзээгүй. Сая л харлаа. УИХ-ын гишүүд нууцын зэрэглэлтэй танилцдаг шүү дээ. ҮАБЗ-ийн шийдвэрийг уншиж танилцаад, нууцын баталгаа гаргаж үзээд ийм гэрээг нууцалъя гэдэг асуудал ороогүй юм байна гэдгийг мэдсэн шүү дээ. Зөвлөмжүүд бол гарч л байсан байдаг. Зөвлөмжтэй танилцах эрх танд бол бий шүү. Оффтейкийн гэрээ нь бүгдийг ил тод болгож ард түмний хяналтад оруулсан асуудал болохоос нарийн ширийн асуудлыг хууль хяналт нь тогтоох биз.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:
-Дуугүй л яваад байсан юм. Тэгээд өнөөдөр ил тод ярилцах цаг нь болсон бололтой. Уг нь МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа 50+1 санал авсан. Өөр ийм эрх баригч байгаагүй. Хамтарсан Засгийн газраа унагаад олон улсад ч онигоотой байдалд оржээ, бид. Би өнөөдөр нэлээд материалтай ирсэн шүү. Ийм зүйл ч болох байх гэж бодсон юм.
Төрийн ажил баримтад тулгуурлаж яригдах ёстой шүү. Цахим ертөнцөөр дамжуулж нэгнээ харлуулах юм руу явж болохгүй. Монголын ард түмэн ч тролл армиа даваад бодит дүгнэлт гаргах цаг болсон. Оффтейктэй холбоотой асуудал яагаад гарсан бэ гэхээр төлбөрийн тэнцэл нэмэгдээд явчихсан. Энэ гэрээнээс болж валютын нөөц багассан юм. Тэрийг ярих гэтэл тойрсоор байгаад Бор тээг болоод явчихсан. Бодийн оффтейк гэрээ явж байхад Г.Занданшатар дарга ЗГХЭГ-ын дарга байсан. Би тэр хүнээс ажлыг нь авсан. Бодийн асуудлаа одоо өөрөө ярих биз. Өөрөө өөрийнхөө хийсэн ажилд өөрөө хариулах биз.