ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Гишүүд ирцээр бойкот хийлээ

O.Admin
8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо.

Энэ талаар тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ “Таван гишүүн хуралдаа ирлээ. Манай Байнгын хорооны биш үг хэлэх хоёр гишүүн сууж байгааг та бүхэн харсан байх. Зарим гишүүд гадаадад томилолттой, зарим нь утсаа авахгүй, өвчтэй гэх шалтгаан хэллээ. АН-ын бүлэг хуралдаж дуусаагүй учраас нэг ч гишүүн нь орж ирсэнгүй.

Тиймээс хуралдааныг хаагаад хэлэлцэх асуудлыг хэвээр үлдээлээ. Товыг удахгүй зарлах байх. Хүссэн ч эс хүссэн ч Үндсэн хуулиар заасан хугацаатай учраас пүрэв, баасан гарагаас хэтрэхгүй хэлэлцэж дуусна аа. 4-5-уулаа суугаад хэн нь хэнээсээ асуулт асуух юм. Их хурлын дарга, Ерөнхий сайд ч суугаад ярилцах ёстой шүү дээ.

Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын гишүүд гадаадад томилолттой, Б.Пүрэвдорж гишүүн өвчтэй гэж албан ёсоор чөлөөгөө авсан. Бусад нь ямар нэг шалтаг, шалтгаан тоочоогүй алга боллоо. Шууд хэлэхэд бойкот хийж, асуудлыг гацааж байна. Намын бүлгүүд асуудлыг ярих, намын дэргэдэх Улс төрийн зөвлөлүүд мөн байр сууриа нэгтгэе гэж хүсэлт ирсэн учраас л би баасан гарагт байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан” гэв.