Монголын төр цаашлаад төр ээлжлэн барьж буй улс төрийн намууд хэдэн ахмадуудаа сонгуулиар санал авахдаа л нэг удаа ашиглаж, гарын бэлэг хэмээн атга чихэр, балга сүү, дээлийн торгоор цагаан сарын баяраар авлигадаад өнгөрөх байдлаар олон жил явав.
Тэтгэврийг нь дэлхийн улс орнуудаас хамгийн багаар тооцон олгож, ухамсарт амьдралынхаа, цаашлаад ид хийж бүтээх насаа төр, улсынхаа сайн сайхны төлөө зориулсан ахмадууд хоёр идэх байтугай хоосон хонож, энгэр дүүрэн элдэв ойн медаль гэх төмөрнөөс өөр зүйлгүй асрамжийн газар эсвэл үр хүүхдийнхээ хаа нэг буланд орон дээр гунигтайгаар “дуусаж” буй олон зуун жишээг бичээд байвал дуусахгүй.
Гэтэл дэлхийн улс орнуудад ахмадууд нь насаараа төр, хувьд ажиллаж буцаан авсан тэтгэврийн мөнгөөрөө орон байраа томруулж, гадаад дотоодгүй аялж, амарч өнгөрүүлдэг талаар бид үлгэр мэт гайхаж бишрэн сонссоор, уншсаар олон оныг үдлээ. Ахмадуудын тэтгэврийг нэмнэ, хасна, тэтгэврийн зээл олгоно, олгохгүй, хувь тэнцүүлнэ, тэнцүүлэхгүй, хувийн тэтгэврийн сантай болно, болохгүй гэх мэт тэтгэврийн хэдэн төгрөгийг тойрсон олон зуун амлалтууд зөвхөн цаасан дээр үлдэж, санал авах пиар төдий явсаар энд иржээ.
Цөөн хэдхэн ахмад л авч буй тэтгэвэр гэхээс илүү үр хүүхдийнхээ сайн сайханд өтөл насандаа жаргаж буй ч Монголын ахмадуудын талаас илүү хувь нь дээрх шиг гунигтай амьдарсаар дуусдаг гэвэл хэтийдэхгүй. Зарим нь тэтгэвэрт ч гарч чадахгүй нас барж байгаа ч тэтгэвэр өвлөгдөх хуулиа ч өнөө хэр төр засаг маань шийдвэртэй баталж чадсангүй. Гэтэл энэ хүмүүс насаараа төрд ажиллаад олдсон жаахан тэтгэврээ арилжааны банктай зөвшилцөөд, асуудалгүй буюу хүссэнээрээ зээлэх гэж бүтэн жил тойрон төрийн нүүрийг царайчиллаа.
Тэтгэврээ хүссэнээрээ зээлье гэж 6000 ахмад өргөдөл гаргажээ
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, ахмадуудад тэтгэвэр барьцаалсан зээл олгохдоо тэтгэврийн 50 хувиар тооцож зээл олгох шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шалтгаанаа “Улсын хэмжээнд тэтгэвэр авч буй 408 мянга гаруй ахмад байна. Тэдний 50-иас илүү хувь нь арилжааны банкинд тэтгэвэр барьцаалсан зээлтэй.
Улсын хэмжээнд дундаж тэтгэврийн хэмжээ 851 мянган төгрөг бөгөөд үүнийхээ 675 мянган төгрөгийг арилжааны банкинд зээл хэлбэрээр тушаачихдаг. Үлдсэн 176 мянган төгрөгөөр сарын хугацаанд амьдрах ямар ч боломжгүй. Тиймээс ахмадуудыг хэрэглээний мөнгөө захиран зарцуулах ёстой гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан.
Нөгөөтээгүүр, ахмадууд гэхээс илүү үр хүүхэд нь ямар нэг байдлаар дарамт учруулж тэтгэврийг нь зээлүүлж авчихаад мөнгөгүй эцэг, эхээ гадуурхдаг учраас ахмадуудаа хамгаалсан бодлого юм” хэмээн тайлбарлаж байв. Уг нь арилжааны банк, ахмадууд хоёр өөрийн мэдлийн мөнгөний хэдэн хувиар тохирч зээлэхээ өөрсдөө мэдэх ёстой ч төрийн мэдлийн банк нь Мөнгөний бодлогоороо хүртэл авч хэлэлцэн шийдвэр гаргаснаар арилжааны банкууд зээлийн хэмжээгээ бууруулж, хамгийн багадаа 12 сар, ихдээ 24 сараар олгох болсоор хагас жил гаруйн хугацааг үдлээ. Тухайн үед ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Монголбанкны Ерөнхийлөгчид хүртэл албан тоот илгээж, энэхүү хатуу шийдвэрээ эргэж хараач, ахмадууд хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжийг нь нээж өгөөч гэж хүссэн ч өнөөдрийг хүртэл Монголбанк дорвитой шийдэл гаргахгүй гацаасаар байгаа бөгөөд аргаа барсан ахмадууд Төрийн ордны гадна хүртэл суулт зарлаж, Өргөдлийн байнгын хороонд 6000 ахмад өргөдөл, гомдол илгээж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тэдний өмнөөс Монголбанкинд асуулга тавьж, Засгийн газраар асуудал яригдсаны дараа өчигдөр л нэг юм уг асуулгаар Өргөдлийн байнгын хороо хуралдав.
Монголбанк арьсаа хамгаалж, арилжааны банкууд бурууг төрд чихэв

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс энэхүү шийдвэрийг гаргахдаа өөрсдийн гаргасан судалгаа болон бусад олон улсын байгууллагын судалгааг үндэслэсэн гэж тайлбарладаг.
Тухайлбал, Фридрих-Эбертийн сангаас 2022 онд гаргасан судалгаанд оролцсон ахмадуудын 60 гаруй хувь нь “Тэтгэвэр барьцаалж авсан зээлээрээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Гэр бүлийн гишүүдийнхээ байр, машин авахад дэмжлэг үзүүлсэн” гэж хариулсан байдаг аж. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Төв банк тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар тогтмол судалгаа хийдэг.
Тухайлбал, тэтгэвэр авагчид авсан зээлээ юунд зарцуулдаг, энэ нь тухайн ахмадын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг судалж явдаг. Энэ судалгаагаа Засгийн газартай хамтраад, одоо нөхцөл байдалд хамгийн боломжит шийдэл юу байна вэ гэдэгт чиглүүлдэг. Манай хийсэн тооцоо, дүгнэлтээр харахад хамгийн үр дүнтэй арга нь арилжааны банкуудын эх үүсвэрийг дэмжиж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бодитоор бууруулах боломжтой гэж гарсан. Монголбанк арилжааны есөн банктай жил бүр гэрээ хийж, хамтран ажилладаг боловч арилжааны банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй.
Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан өр орлогын хэмжээ, зээлийн хугацаа зэрэг бүх хязгаарлалтуудыг цуцалсан” хэмээв. Гэтэл арилжааны банкууд эсрэгээрээ буюу “Засгийн газар, Монголбанк тодорхой шийдвэр гаргавал бид хүүг бууруулж, хугацааг эргэж харах боломжтой” гэдэг хариуг 3-4 банк С.Эрдэнэбат гишүүнд ирүүлжээ. Мөн эрсдэл өндөртэй зээл хэмээн үзсэн гэдгээ хэлсэн аж. Гэтэл өнөөдрийг хүртэлх судалгаагаар нийт зээлийн 97 хувь нь эргэн төлөгддөг буюу “маш сайн чанартай зээл” гэж тооцогддог гэдгийг хэд, хэдэн гишүүд онцолж, “Бид мэдэхгүй. Арилжааны банкууд мэднэ” хэмээн арьсаа хамгаалж, асуулгын хариуг хэлэлцэж байхад асуудлаас бултаж хуралд ирээгүй хүмүүстэй хариуцлага тооцох хуультайг сануулав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа “36 сарын зээлийн нөхцлөө сэргээж өгөөч гэдэг хүсэлт маш их ирж байна. Гэтэл Монголбанк бид хязгаарлаагүй гэх юм. Энэ хаана зөрөө гараад байгаа юм бэ. Хоёрдугаарт, 16.8-аас 24 хувийн хүүтэй өндөр тэтгэврийн хүүг бууруулах боломж байгаа юм уу. Тэтгэврийн зээл мөнгөний нийлүүлэлтийг тэгтлээ нэмдэг хэрэг үү. Хэт тэлэлт үүсгээд байгаа юм. Тэтгэврийн зээлд 150 хувийн эрсдэлийн жин тогтоож ажилласан гэнэ.
Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт чинь хамгийн өндөр эргэн төлөлттэй зээл биз дээ. Яагаад ийм өндөр гэж тогтоов” гэдгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөс тодрууллаа. Г.Энхтайван энэ асуултад “Ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэх нэг удаагийн хуулийн төсөл батлагдаж, зээл тэглэх үед 757 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 2.8 дахин нэмэгдсэн. 2025 оны аравдугаар сарын байдлаар 2.4 их наядын тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Тэтгэврийн зээлийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр яамнаас ирүүлсэн хүсэлтийн хүрээнд 2023 оноос хойш тодорхой нөхцөл тавьж эхэлсэн. Эрсдэлийн жинг бид зээл тус болгон дээр гаргадаг. Үүнээс ч өндөр эрсдэлийн жин бүрдүүлдэг зээл байгаа” гэсэн хариулт өглөө. Ийнхүү уг асуудлаар тодорхой шийдэл гаргаж чадсангүй асуулга дуусаж, 36 болох уу, болохгүй юу гэдгийг ч эцэслэж чадсангүй. УИХ-ын дарга нь хүртэл энэ асуудлаар улстөржиж, даргын тамга атгахдаа тэтгэврийн зээлийн хугацааг нэмэгдүүлнэ гэж амлалт өгсөн ч одоогоор хэрэгжээгүй, банкууд хамгийн ихдээ 24 сараар олгосон хэвээр байна. Төр хэзээ ажлаа хийх вэ. Төрийн хуруу гар хэзээ эндээс холдох вэ.
Ахмадуудын тэтгэвэр ердөө 8.6 хувиар л нэмэгдэх нь ээ
Өмнө хэлсэнчлэн дэлхийд хамгийн бага тэтгэвэр авч буй ахмадууд үүнийгээ нэмэгдүүлнэ гэж хэд, хэдэн удаа хүсэлт гаргаж, жагсаал хийсэн ч тусыг эс олсон. Тэтгэврийн доод хэмжээ жилийн жилд хамгийн доор байсаар буй. Саяхан л гэхэд олон зуун ахмадууд Төрийн ордныг тойрон гороолж, доод хэмжээг 1.5 сая болгохоор жагссан ч тэднийг хэн ч тоосонгүй. Эсрэгээрээ адилхан гудамжинд гарч жагссан эмч, багш нар цалингаа нэмэгдүүлж аваад хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг тараад сураг алдарсан.
Тэгвэл ирэх жилийн төсөвт ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд ердөө 477.7 тэрбум төгрөг тавьжээ. Энэ талаар ХНХ-ын сайд Т.Аубакир хэлэхдээ “Ирэх онд тэтгэврийг 8.6 хувь буюу 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Засгийн газрын зүгээс бага тэтгэвэр авдаг иргэдээ нэмэх буюу хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэх зорилго тавьж байна.
Тэтгэвэр нэмэгдүүлэх аргачлалыг тун удахгүй батална. 2026 онд 537 мянга орчим иргэн тэтгэвэр авна. Тэдгээр иргэдийн тэтгэврийг жигд 8.6 хувиар нэмэх үү, эсвэл бага тэтгэвэр авдаг дээрээ 100 мянгаар нэмээд 689 мянгыг 800 руу дөхүүлэх үү гэдгээ шийднэ. 2023 онд батлагдсан инфляцитай уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай хуулиар асуудлыг шийдээд явж байгаа гэсэн үг" хэмээжээ. Эндээс харвал ойрын 100 жилдээ л ахмуудын тэтгэвэр 1.5 саяд хүрэхгүй гэсэн үг. Ойрын жилдээ ч 36 сараар буюу хүссэн хэмжээгээр зээл авч чадахгүй нь ээ. Төрдөө байтугай төрсөн үрдээ хүртэл шоовдорлогдсон ахмадууд минь 2028 оны сонгууль хүртэл энэ байдлаараа гэлдэрч, дараагийн сонгуулиар саналыг маань авахын төлөө хэн нэг дарга гарч ирж гоё сайхан шийдвэр гаргаасай хэмээн залбирч суух л үлдэв бололтой.
