ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ

O.Admin
3 цагийн өмнө

Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдэн 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдөр улсын хилээр хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ.

Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, таслан зогсоосон анхны тохиолдол юм.

Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол гарсаар байна.

Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж, хил дамнуулан худалдаалах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.