УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.04/-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын өмнөх даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг цуцалсан асуудлыг танилцууллаа.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “ Индексжүүлсэн даатгалыг 6.0 хувийг 5.0 болгож бууруулахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хооронд хамаарах асуудал үүссэн тул 5.0 хувийг нэмж, хасах 1.0 хувь гэж уян хатан зохицуулахаар тусгасан” гэв.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төсөлд цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхийг өөрсдийн дураар шалгуулж болохоор тусгасан. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилсөн. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв.
Сүүлийн жилүүдэд шинээр бий болж буй харилцаа болох “Тээгч эх”-ийн харилцааг гэрээгээр зохицуулахаар тусгаж байгаа. Түүнчлэн Удмын сан, угийн бичгийг заавал хөтлөхийг гэрлэгчдийн эрх, үүрэгт зааж өгөхөөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.
