ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Оюутолгойн нээлттэй сонсгол маргааныг эцэслэх үү, эсвэл хөрөнгө оруулагчдыг үргээх ээлжит популизм уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

Олон жилийн турш хэрүүлийн сэдэв байсаар ирсэн Оюутолгойг тойрсон дуулиан, шуугиан хэрүүл маргаан өнөө хэр эцэслэгдээгүй, тэр байтугай ахиц ч гарахгүй байгаа.

Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах үүрэг бүхий Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг буюу Сангийн сайд Б.Жавхлангийн ахалсан ажлын хэсгийнхэн долоо хоногт нэг удаа Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, үр дүн гаргахаар ярилцаж тохирлоо гэдэг ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэл байхгүй, ширээний ард сууж нэгэндээ найр тавихаас өөр шийдэлгүй суугаа нь үнэн.

Нөгөө талд УИХ-аас байгуулсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалсан Хянан шалгах түр хороо ч долоо хоног бүр буюу долдугаар сараас хойш 12 удаа хуралдаж байгаа ч Онтрэгийн хэлцэл хийгээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар ахиц байхгүй, тус компанийн удирдлагууд тэдний сонсголыг үл тоож нууцын зэрэглэлтэй материалаа гаргаж өгөхөөс татгалзахаас гадна сонсголд ч ирэхгүй байгаа нь бас үнэн.

Тэгвэл Хянан шалгах түр хорооноос энэ асуудлаар энэ сарын 08-наас нээлттэй сонсгол хийхээр зар тарааж, уг сонсголд Ерөнхийлөгч байсан гурав, Ерөнхий сайд байсан долоо, салбарын сайдууд болох 25, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 39 хүн зэрэг нийтдээ 300 хүнийг гэрчээр дуудсан байдаг. Түүнчлэн, Хянан шалгах түр хороонд мэдээлэл өгөх хянан шалгагч, шинжээч нар 60000 хуудас баримтыг буюу өнгөрсөн 18 жилд тус төсөлтэй холбогдсон бүх материалыг уншиж судлан нөр их ажлыг хийж байгаа. Энэхүү төсөл яагаад өнөө хэр ашгаа өгөхгүй байгаа, монголчууд ашиг хүртэл бус эсрэгээрээ яагаад өрөнд орчихдог, 53 хувийн үр өгөөж авах гэрээ яаж яваад 25 хувь болж хувирсан, Жавхлант, Шивээ овоо ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал зэргээр монголчууд нэг мөр ойлголттой болж, хаанаа хэн нь алдаа гаргасан бэ гэдгээ ярилцах нь зөв гэж үзэн иргэдийн зүгээс өндөр хүлээлт тавьж байна.

Гэвч, энэ төслийг эхэлсэн хийгээд дундах цаг үед хариуцлагатай алба эрхэлж байсан хүмүүсийн зарим нь сонсголд очихгүй гэж мэдэгдсэн бол нөгөө хэсэг нь сайн, муугаа ярилцаад, нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой гэж байр сууриа илэрхийлж эхэллээ. Ирэх долоо хоногт товлосон хугацаандаа болж гэмээн олон хүний, олон улстөрчийн багийг хуулах уг сонсголын талаар өнгөрөгч өдрүүдэд хэн, ямар байр суурь илэрхийлснийг “Хэн юу хэлэв” буландаа тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал:

С.Баяр гэж хүн Ерөнхий сайд байхдаа Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж, өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Нэгэнтээ Ерөнхий сайд байгаад энэ том шийдвэрийг гаргасан бол Хянан шалгах түр хороонд ирээд асуултад хариулчих л ёстой юм. Асуудал байхгүй бол шүү дээ.

Ганц С.Баяр ч бус бусад хүмүүс ч ард түмний хүлээлтэд хариулт өгчих. Түүнээс биш надад таалагдаж байна, таалагдсангүй гэдгээр биш шүү дээ. Гурван өдөр явах сонсголд гэрчээр дуудах хүмүүст мэдэгдэх хуудсыг хүргүүлж дууссан. Хянан шалгагч, шинжээч нарын өгсөн мэдээллийн хүрээнд бид 300 гаруй хүний нэрийг гаргасан байгаа.

Гэрч үнэн бодит мэдээллээ ирж өгөх үүрэгтэй. Хуулийн дагуу л явагдах процесс. Зориудаар ирэхээс зайлсхийвэл хуулийн хариуцлага яригдана. Гэхдээ хуулиар айлгахаас илүүтэйгээр харин ч ирээд өөрийн өнцгөөр зөв мэдээллээ өгөх нь том давуу тал биз дээ.

Сонсголоор хэн нэгнийг муулах, харлуулах асуудал ерөөс биш. Өнөөдрийн байдлаар 92 мянган хуудас нотлох баримт цугласан ч түүний 50-иас илүү хувь нь байгууллагын болон төрийн албаны нууц гэдэг тамгатай. Ард түмний нээлттэй сонсгол дээр нууцын баримтыг ашиглах боломжгүй. Хагасаас илүүг нь ашиглах боломжгүй гэсэн үг. Гэхдээ бид чадлаараа мэдээлэл өгнө, ард түмнээ мэдээллээр хангана. Үүний дараа УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгөөд явах юм.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:

Оюутолгойн хөрөнгө оруулалт анхны хийнэ гэсэн зардлаас хоёр тэрбум ам.доллароор нэмэгдчихсэн. Энэ яагаад хэтэрчихэв гэдгийг шалгаж байсан. Манай гурван сайд ирэх байх. Тал, талаасаа цуглаад ярьж, засах хэрэгтэй. Би өөрийнхөө ажиллаж байсан хоёр жилийнхээ ажлыг мэднэ. Нэмээд бүгд цаасан дээр буучихсан. Тийм учраас би очно оо.

Очихоор барахгүй тэр үед юу болоод, ямар арга хэмжээ авсан, ямар бодлого явуулсан талаар дэлгэрэнгүй ярина. Баялгийн үндэсний үзэлтнүүд гарч ирлээ гэж гадны хэвлэлд хүртэл төлбөр төлж байгаад бичүүлж байсан шүү. Би энэ бүхнийг очиж байгаад ярья гэж бодсон юм. Гэхдээ нөгөө талдаа энэ сонсголоор баахан хэрэг хийчихсэн хүн дуудаж байгаа юм шиг гэрчээр дуудлаа энэтэр гэж дөвчигнөх шаардлага байхгүй. Зүгээр л тэнд ажиллаж байсан хүмүүс нь ирээд л болсон процессоо ярьчихад болох асуудал. Бүх сайд нарт зовлон байсан нь үнэн. Гэхдээ хэсэг хүн тодрох гэж улайрах шаардлагагүй.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

Сонсголд яригдах зүйл нь яригдана л биз. Түр хорооны хийж байгаа сонсголтой, сонсголгүй Засгийн газар гэрээг сайжруулж, ард түмэнд өгөөжтэй болгоно. Миний хувьд томилолттой байгаа учраас оролцож амжихгүй байх. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулж байх үед Монголын талд ногдох үр өгөөж нь 53 хувь хөрөнгө оруулагчийн хувь 47 хувь байна гэж гэрээлсэн. Өнөөдөр 75/25 болсон. Манай Засгийн газрын сайд нар анхны амлалтдаа хүрэх шаардлагыг тавин ажиллаж байна. Үр дүн гаргана.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Би гэрч гэхээс илүү хохирогчийн байр сууринаас оролцох ёстой байх шүү. Гэрээг УИХ-аар соёрхон батлах асуудлыг оруулж ирэх үед долоон гишүүн татгалзсаны нэг нь би. Үнэхээр Монголд хохиролтой гэрээ болсон. Өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд Оюутолгойгоос "Рио тинто" 10.1 тэрбум ам.долларын ашиг олсон.

Ихэнх нь зээлийн хүүнээс олсон ашиг. Гэтэл Монголын тал 1.3-хан тэрбум буюу арав дахин бага ашиг хүртсэн. Энэ хөрөнгө оруулалт байсан уу гэвэл үгүй. Энэ зээл байсан. Тэгвэл бид эндээс хямд хүүтэй зээл гаднаас аваад өөрсдөө хийчихэж болох л байлаа. Гэтэл 5.6 тэрбумын хөрөнгө гаргаж ордыг нь аваад л алтаар бараг монголчуудыг бялхуулж, төсөвт нь мөнгө цутгаад өгнө гэсэн ч тэгээгүй. Өдөрт ч бид 10 тэрбумын хүү төлж байна. Ийм орд дэлхийд хоёрхон байгаа. 40 сая тонн зэс, 1800 тонн алт байгаа. Зөвхөн алт нь гэхэд 250 тэрбум ам.доллар. 400 тэрбум ам.долларын зэс байна. 690 тэрбум ам.долларын ордоос бид 1.3-хан тэрбум ам.долларын ашиг 10 жилийн хугацаанд оллоо.

Гэтэл “Рио Тинто” 10.1 тэрбум ам.доллар олжээ. Алт, зэсийн үнэ тэнгэрт хадсан энэ үед монголчууд яагаад ашиг хүртэж чадахгүй байна вэ гэвэл зээлийн хүүгээ өндөр тогтоосон учир үүнийг далимдуулан "Рио тинто"-гоос Оюутолгой улам их зээл авсаар байна. "Рио тинто" ийм л зальтай гэрээ хийсэн. Ч.Сайханбилэг сүүлд очиж Дубайдаад 2023 оноос ногдол ашиг авах байсныг 2037 он ба түүнээс хойш болгочихсон.

Яагаад монголчуудыг дээрэлхээд байгаа юм бэ. Төр гэж байна уу. Зээл авснаараа өөр төслөө санхүүжүүлж байна уу гэдгийг яагаад шалгахгүй байна вэ. Оюутолгой бол Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг, өөр төслөө санхүүжүүлдэг эх үүсвэр болчихсон. Амьдралын үнэнд энэ төсөл ашиггүй гэдэг нь нотлогдчихсон учраас С.Баяр тэргүүтэн ичих нүүртэй байгаа биз. Ирж худлаа ярихгүй байгаа нь сайн юм даа. Би намаасаа хүртэл хөөгдөж, элдвээр доромжлуулж байлаа. Попчин, тендерчин гээд л. Гүтгэлэг бол үнэхээр их ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Хүмүүс сонсох хэрэгтэй. Ирээд мэдээлэл өгөх хэрэгтэй. Бүгдийнх нь аж амьдралтай холбоотой асуудал шүү дээ. Зээлийн хүүгийн асуудлыг шийдэх ёстой юм. Нэгдүгээрт, хоёр этгээд буюу та, бид хоёр нийлж компани байгуулаад, би 34 хувиа эзэмшихийн тулд таниас мөнгө зээлчихлээ гэж бодъё. Тэгээд танд төлөх зээлийн хүү нормал байвал болж байна. Гэтэл таны зээлийн хүү өөр нэг найзтайгаа хийсэн бизнес дээр зургаа, надтай болохоор 11 хувь байж болохгүй.

Өөрөөр хэлбэл, бид хамтдаа бизнес эхэлсэн хамтрагчид болохоос та надад санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн банк бус санхүүгийн байгууллага биш шүү дээ. Хүү өндөр байх нь зохисгүй. Үүнийг бууруулахын тулд сонсгол хийг. Засгийн газар, УИХ хоёулаа ажлаа хийг. Хоёрдугаарт, Оюутолгойн хүдрийн биет буюу талбайн нэг хэсгийн асуудал яригдаж байна. Онтрэгийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани. Энд нэвтрэлтийн ажил эхэлчихсэн юм билээ. Гэхдээ энэ бол Рио Тинтотой байгуулсан хэлэлцээрт тусгагдаагүй тусгай зөвшөөрөл. Гэтэл энийг яаж ашиглах вэ гэдгийг Рио Тинто, Онтрэ хоёр дангаараа шийдэхгүй. Монголын Засгийн газар заавал хэлэлцээрт орж, гурван тал хэлэлцээрт орж, стратегийн орд газрын хувь хэмжээгээ ярих нь зөв юм.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Монголд хэрэгжсэн энэ том төсөл дээр онож, алдсан олон зүйл бий байх. Онтрэгийн асуудлаа цэгцлэх нь зөв. Хөрөнгө оруулалтыг эхлүүлэхдээ авсан зээл яагаад өндөр хүүтэй байсан, яагаад өссөөр байгааг эцэслэх нь зөв байх. УИХ-ын зүгээс хийж болох ажил нь өөрөө нээлттэй сонсгол. Товчхондоо, ард түмэнд нэгдсэн мэдээлэл өгөх ёстой. Хэн, хэндээ ашигтай байх ёстой шүү дээ.

Монгол Улсын хувьд цахилгаан, эрчим хүчээ Оюутолгойд зарах ёстой. Өнгөрсөн хугацаанд тэд эрчим хүчний дутагдалтай учраас Монголоос авах боломжгүй гээд БНХАУ-аас авсан. Жилдээ 500 тэрбум төгрөгийн цахилгааныг тэд урд хөршөөс авч байна шүү дээ. Төсөл эхэлж байхад ч тэд цахилгаанаа манайхаас авахгүй гэдэг байсан.

Удаа дараагийн хэлэлцээрийн дараа нааштай хэлэлцээрт хүрч, хэрвээ танай улс Тавантолгойн ДЦС-иа барьчихвал нэг кВт цахилгааныг 9.5 центээр авна гэдэг шийдэлд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид станциа барьчихвал борлуулалт нь шийдэгдчихсэн гэсэн үг. Уг төслийг хоёр их наядаар санхүүжүүлэх шаардлагатай юм билээ. Тэгвэл жилдээ 500 тэрбум төгрөгийн цахилгааныг Оюутолгойд зарчихвал дөрвөн жилдээ л зардлаа нөхчихнө гэсэн үг.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

Энд маш өргөн хүрээний асуудлуудыг ярина. Тухайлбал, гэрээ анх хийгдэхдээ ТЭЗҮ-гүй байсан гэж яригдаж байгаа. Тэгэхээр ийм төсөлд Монгол Улсын эрх ашиг хангагдаж, оновчтой хийгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Цаад тал үүргээ огтхон ч биелүүлээгүй. Процесс болгон дээр асуудал гардаг. Монголын талаас Дубайн гэрээг цуцалсан гэдэг ч нөгөө талаас хоёр тэрбумыг гаргаад төслийг хэрэгжүүлчихсэн гэдэг. Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг огтхон ч хөндөхгүй.

Гагцхүү Үндсэн хууль хийгээд бусад хуулийн дагуу байгуулсан гэрээнийхээ анхнаасаа тохирсон нөхцлийн дагуу шударга, тэгш байх ёстой. Монголын тал хохироод, өрөнд ороод өтөнд идүүлээд явж болохгүй биз дээ. Онтрэ гэж лиценз байна. Эрдэнэтэд шинээр илэрсэн Оюутаас гурав дахин их нөөцтэй.

Гэтэл энэ ордыг Монголын талд мэдэгдэхгүйгээр чимээгүй, эс үйлдэхүйгээр явуулж болохгүй. Олон талын байр суурийг ирэх долоо хоногт сонсох гэж байгаа юм. Хэн нэгнийг буруутгах гэсэн зүйл байхгүй. Ард түмэндээ л бодит мэдээллээ тэр 300 гаруй хүн ирээд өгөөч ээ л гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монголчууд Оюутолгойн үнэн мөнийг мэдэх цаг болсон. Оюутолгойн олон зуун тэрбум долларын баялгаа өгчихөөд өртэй үлдэж байгаа нь харамсалтай. Анх 400 тэрбум ам.доллар гэж байсан. Одоо бараг 600 тэрбум болсон байх шүү. Хойч үеийнхээ төлөө сайн зүйл хийх ёстой болохоос гэмт хэрэг хийж болохгүй биз дээ.

Монголын парламент сонсгол хийж буй нь эрүүл саруул болж эхэлж байгаа үйлдэл гэж харж байгаа. Би сонсголд ирнэ. Тэр үед гэрээ хийсэн, гэрээг яриад адлуулж байсан бүх хүмүүс ирж яриасай. Үнэн мөнөө энд ярьцгаая. Би тэр үед бичгээр өгч байсан. 34 хувь бол занга шүү, түүний орон рояалтигаа ав гэдгийг хэлсэн. Цаашдаа ийм том луйварт өртөхгүйн тулд сонсгол хийх нь зөв. Хэн нэгнийг буруутгах гэхээс илүү мэдээллээ өгч, сургамж болгож хойч үедээ үлдээж, бас засах ёстой юм. Уул уурхайн том мөнгө ард түмэнд үр ашгаа өгөөсэй л гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Оюутолгойн гэрээ сайжруулах хамгийн сүүлийн ажлын хэсэгт би байсан. Манай намд санхүүгийн олон чадварлаг залуус байдаг учраас хамтарч суугаад санхүүгийн модел буюу өсөн нэмэгдэх АМНАТ байх ёстой юу, хувь оролцоо юу гэдэг талаар санал боловсруулж өгсөн.

Энэ саналын хүрээнд яриа хэлцэл амжилттай яваа юм билээ. Тэр утгаараа намайг сонсголд дуудсан. Шаардлагатай гэвэл очно. Гэхдээ Монгол Улс хөрөнгө оруулалт гаднаас яаж татах вэ гэдэг нь асуудал боллоо. Эдийн засаг борцлогдчихсон. Гэтэл үүн дээр нэмээд гадны хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлыг дахиад л улстөржүүлээд байх юм биш биз. Үүндээ цэг тавихгүйгээр хэчнээн жил үргэлжлүүлэх юм. Үүнд цэг тавьсан уулзалт болох юм бол татгалзах зүйл алга. Улс төр популизм болгох байдлаар явахыг буруу гэж үзэж байгаа.

Ерөнхий сайд асан С.Баяр: 

Би бээр төрөө хүндэлдэг хэдий ч сонсголд оролцохгүй. Учир нь нэгдүгээрт, хайгуулын лицензтэй байсан Онтрэгийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гэсэн сонсголын хоёр асуудлыг миний удирдаж байсан Засгийн газар хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.

Хоёрдугаарт, "Гайт" 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын Засгийн газар нь Рио Тинто компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, Монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ.

Гуравдугаарт, Оюутолгой нь эдийн засаг, бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт. Манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ. УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал. Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин