Өнөөдөр бол “хүн төвтэй” гэж тодотгодог ардчилсан шинэ Үндсэн хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан түүхэн өдөр юм. Харин энэхүү хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн түүхтэй. Монгол Улс нь Үндсэн хуультай болоод 102 дахь жил өнгөрчээ.
Богд хаант Монгол Улсын үед Сайн ноён хаан Т.Намнансүрэнгээр удирдуулсан хамгийн анхны Үндсэн хууль нь “Улсын эх” гэх нэртэй төсөл байсан ч 1911 онд олж авсан үндэснийхээ тусгаар тогтнолыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадалгүй явсаар 1921 оны ардын хувьсгал хүргэсэн түүхтэй. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар Үндсэн хуулийн төслийг Т.Намнансүрэнг Ерөнхий сайдаар томилсон 1914 оноос эхлэн боловсруулж эхэлсэн гэдэг.
Хэмжээт цаазат засаг төртэй байх, хувийн өмчтэй байх, олон ардад үг хэлэх эрх чөлөө олгох, нийлж нам хороо, хоршоо байгуулах эрх, аливаа хэргийг цугларан хэлэлцэх зэргээр хамгийн анхны ардчилсан шинжтэй Үндсэн хуулийн төсөл байжээ. Дараа нь 1921 оны ардын хувьсгалын дараа Ардын намынхан Засгийн газрыг тэргүүлэх болж, Богд ламын шавь Бодоо Ерөнхий сайдаар томилогдон Үндсэн хуулийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Ийнхүү Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их хурлаар баталсан байдаг. Анхны Үндсэн хууль зургаан бүлэг, 50 зүйлтэй байсан бөгөөд хэмжээт эрхт хаант засаглалтай байхаас гадна алтан ургийнхан, хаад ноёдын удам төрийн албанд илүү эрхтэйгээр ажиллаж байсныг халж чадсан гэдгээрээ мөн л ардчилсан зарчимтай хууль байжээ.
Мөн хүний эрхийг хүлээн зөвшөөрч, өмчтэй болгох асуудлыг зөвшөөрсөн ч гэж түүхчид дүгнэх нь бий. Гэвч 1940 оны зургаадугаар сарын 30-нд баталсан хоёрдугаар Үндсэн хууль, 1960 оны долдугаар сарын 06-ны өдөр баталсан гуравдугаар Үндсэн хууль нь “нийгэм төвтэй” буюу хүний эрх, өмчлөлийг тусгаагүй, тухайн үеийн нийгмийн шилжилтэд илүүтэй ач холбогдол өгсөн гэж үздэг аж. Ерөөс эдгээр гурван Үндсэн хууль нь монгол хүн нэг бүрийн нийгмийн захиалга гэхээс илүү гадны нөлөөтэй буюу шулуухан хэлбэл гадны шууд оролцоотой батлагдсан хуулиуд учраас тухайн цаг үеийн шилжилт, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ч гэлээ хүнээ мартаж гээсэн нь үнэн билээ.

Ардчилсан Үндсэн хууль бол нийт иргэдийн оюун санааны хамтын бүтээл
Тэгвэл “Монголын төр нь жинхэнэ ард, ард гэж ялгахгүйгээр бүгдийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг дээдэлж, ардчилсан Монгол Улсын иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлж жагсаж цуглах эрх чөлөөг хуульчлан хамгаалж, төрийн цоо шинэ хэлбэрийг сонгохоос гадна ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл, үндэсний зөвшилцлийн тунхаг, дээд баримт бичиг” гэж тодорхойлсон ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу энэ өдөр баталжээ.
Түүх сөхвөл, 1990 оны долдугаар сарын 29-нд анхны ардчилсан, чөлөөт сонгууль зохион байгуулагдаж Ардын Их хурлаас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгохоос гадна шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг ахалж ажиллах үүрэг өгчээ. Тэрхүү комисс “Монгол Улсын Их цааз” нэртэйгээр Үндсэн хуулийн төслийг боловсруулж, 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд өргөн барьсныг Улсын бага хурал нэгбүрчлэн зүйл заалт бүрээр хэлэлцэж, зургаадугаар сарын 01-нээс есдүгээр сарын 01-нийг хүртэл ард нийтээр хэлэлцүүлжээ. Ард нийтийн хэлэлцүүлэгт нийтдээ сонгуулийн насны 1.1 сая иргэний 900 мянга гаруй нь оролцож, 200 мянган санал өгсөн гэхээр ёстой л нийт ард иргэдийн оюун санааны хамтын бүтээл, нийгмийн гэрээ хэмээн тодотгохоос өөр яалтай. Түүнчлэн, Үндсэн хуулийн эх баригч, Гавьяат хуульч Б.Чимэд агсны хэлсэнчлэн “Үндсэн хууль бол алганд багтсан эх орон” билээ.
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн түүхэн онцлог, тоо баримтыг дурдвал,
-1991 оны есдүгээр сард Улсын Бага хуралд өргөн мэдүүлсэн төслийг АИХ-д мөн оны арваннэгдүгээр сард өргөн барьж, 430 депутат 76 хоног хэлэлцэж, баталсан
-Монголын ард түмэн зөвхөн өөрсдийн хүсэл зориг буюу гадны нөлөөгүй бие даан боловсруулж, хэлэлцсэн төсөл
-Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, олон улсын хүний эрхийн нийтлэг ардчилсан зарчимд нийцүүлэн баталгаажуулсан
-Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг тодорхойлж, төр иргэнийхээ, иргэн төрийнхөө өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоосон
-Өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан
-Хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах онол, зарчмыг бүрдүүлсэн
-Монгол Улсын иргэн бүр гадаад паспорт авч, өөрийн хүсэл сонирхлоор гадны улсад сурч боловсрох, ажиллаж, аялж, амьдрах эрх бүрдсэн
-Хуулийг ард түмнээр хэлэлцүүлэхэд 900 гаруй мянган хүн оролцож, 500-аад мянган хүн үг хэлж, 5177 санал төвд ирүүлж байсан
-Монголын ард түмэн бид таван зүйлийг зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг орон даяар олноо зарлан тунхагласан
-Монгол Улсын иргэний 18 эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, дөрвөн үндсэн үүрэг, дөрвөн журамт үүргийг бий болгосон
-Монгол Улсын Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байхаас гадна байгалийн баялаг ард түмний мэдэлд байхыг хуульчилсан
-Төлөөллийн ардчиллын дээд байгууллага болох парламентын засаглалыг бий болгосон
-Ерөнхийлөгчийн институцийг бий болгож, 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилээр нэг удаа сонгохоор болсон
-Зургаан бүлэг, 70 зүйлтэй ардчилсан Үндсэн хуульд 1999, 2000, 2019, 2022, 2023 онд нийт таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан гэх зэргээр олон онцлогийг энд дурдаж болно.
Ардчилсан Үндсэн хуульд оруулсан голлох өөрчлөлтүүд

Хуульзүйн ухааны доктор, Дэд профессор П.Амаржаргал “Монгол Улс Үндсэн хуультай байх нэг, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь өөр нэг асуудал. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах нь өнөөгийн тулгамдсан асуудал” хэмээж байжээ.
Тэгвэл 1996-2000 онд Засгийн газраа огцруулж, Ерөнхий сайдаа томилохгүй гацааж, томилсон Ерөнхий сайдаа унагасан гээд амаргүй олон шалгуурыг давсан УИХ-аас 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд тодотгол хийсэн бөгөөд 100 хувийн ирцтэйгээр баталсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл бид “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэр хоч өгч ирэв.
Төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангаж чадаагүй, хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдсан, улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилт хангалтгүй, байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй, үр ашигтай ашиглах үзэл санаа нурсан, засгийн эрх бүх ард түмний мэдэлд байх зарчим алдагдсан зэрэг асуудлууд энэхүү нэмэлт өөрчлөлтийг дагаад үүсч байлаа. Үүнийг өөрчлөх тухай яриа маргаан үндсэндээ 19 жил үргэлжилсэн. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсанаас хойш нэмэлт, өөрчлөлтийн таван төсөл өргөн барьсан ч зарим нь парламентын босгоо ч давж чадахгүй унаж байв.
Тэгвэл 2016 оны сонгуулиар ард түмнээс 65 суудал авч чадсан МАН-ын манлайлал, УИХ-ын дарга асан Г.Занданшатарын идэвх зүтгэлээр Үндсэн хуулийг өөрчлөх ажил идэвхтэй явагдаж, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнөж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдийн оролцоо, Төрийн ордонд өрнөсөн олон удаагийн хэлэлцүүлгийн дараа 2019 онд нэмэлт өөрчлөлтийг баталж чадсан бөгөөд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжиж эхлэв.
Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, УИХ-ын гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлаж, УИХ-ыг тараах, тарах зохицуулалтыг тодорхой болгохоос гадна давхар дээлийг тайлж, УИХ-ын гишүүний таван хувь нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахаас гадна УИХ-ын аль нэг гишүүний албан бланкаар гишүүдийн олонхи Ерөнхий сайдыг огцруулах гэхээс илүү итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуульчилж, УИХ-ын 20 гишүүн дэмжвэл хууль баталдаг байсныг өөрчилж 39 гишүүний дэмжлэгээр баталдаг болжээ.
Мөн Ерөнхийлөгч аль нэг намаас хараат байсныг өөрчилж, зөвхөн нэг удаа 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн сонгогдох заалт оруулж ирсэн нь онцлогтой. Шүүхийн бие даасан байдал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал хийгээд Үндсэн хуулийн 6.2 буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтыг илүү төгөлдөржүүлж өгсөн нь энэхүү нэмэлт өөрчлөлтийн онцлогууд байлаа.
Харин 2022 онд “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно” хэмээн давхар дээлийг нэмэгдүүлсэн бол 2023 оны нэмэлт өөрчлөлт та бидний мэдэж байгаачлан УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэн 126 болгож, сонгуулийн тогтолцоог өөрчилж, улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг илүү тодорхой болгосон билээ.
Тэгвэл ойрын өдрүүдэд Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг дахин сонгогдох байдлаар өөрчлөх эсвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдэг асуулт хариулт нэхсээр буй бөгөөд ийм шаардлага, нөхцөл байгаа талаар зарим нэг улстөрчид, хуульчид ч үг цухайлгах болов.
Гэлээ ч дэд гарчгийн эхэнд дурдсанчлан, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэхээс илүү хэрэгжилтийг хангах нь өнөөдрийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Харин засаглалын тогтолцоог бүрэн өөрчилж мэдэх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх, нэг хүнийг тахин шүтэх үзлийн эсрэг бид байнга зогсоно гэдгээ 34 жилийн өмнөх Үндсэн хуульдаа тусгаж, өнөө хэр өөрчлөөгүйг санаж явууштай. Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн 34 жилд алдаа, мадаг байсан ч парламентын засаглалаа төгөлдөршүүлж үлдэх нь бидний санаж, сэрж явах учиртай чухал асуудал билээ.
Н.Чинбат: Үндсэн хууль бол бид бүгдийн алсын хараа, хүсэл эрмэлзэл юм
Ардчилсан Үндсэн хуулийг баталсан түүхэн 34 жилийн ойг угтан УИХ-аас олон арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд оюутан, сурагчдын дунд байгалийн баялгийн сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулахаас гадна шатрын тэмцээн, УИХ-ын даргын оюутнуудад зориулсан илтгэл, Үндсэн хуулийг хараагүй иргэдэд зориулан брайл үсгээр гаргах зэрэг үйл ажиллагаанаас гадна Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудын байр суурийг залуу үед зориулан видео хэлбэрээр олон нийтэд түгээж байна. Тэгвэл ардчилсан Үндсэн хуулийн талаар залуу, ахмад үеийн хоёр төлөөлөл ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт, МУИС-ийн Эдийн засгийн ангийн хоёрдугаар түвшний оюутан А.Дэлгэрмөрөн “Монгол Улсын байгалийн баялаг 2022 оноос өмнө ихэвчлэн хэрэглээнд зарцуулагдаж байсан бол ирэх жилүүдэд Үндэсний баялгийн сандаа хуримтлуулж боловсролд зарцуулсан тохиолдолд доод ангиллаас гарч чадах юм. Өөрөөр хэлбэл, баялгийг ард иргэдийнхээ боловсролд зарцуулах ёстой. Үндсэн хууль бол бидний хамгийн том хууль хийгээд үнэт зүйл. Үнэт зүйлээ бид дээдэлж, мэддэг байхаас гадна оролцоотой нийгмийг бий болгоосой гэж хүсдэг” хэмээв.
Харин Монгол Улсын гавьяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбат “1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан нь манай орныг хувьсган өөрчилсөн шинжтэй байлаа. Тиймээс БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ шилжих тухай гэж нэрлэсэн. Энэхүү Үндсэн хууль нь жинхэнэ утгаараа төр, ард түмний нийгмийн гэрээ юм. Тухайн үед энэхүү хуулийг батлах нөр их ажилд тухайн үед ажиллаж амьдарч байсан бүх монголчууд оролцсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас Үндсэн хууль эхлэхдээ л “Монголын ард түмэн бид” гэх оршил нь эхэлдэг. Ийм эхлэлтэй хууль байхгүй шүү дээ. Бидний бүгдийн хүсэл эрмэлзэл, алсын хараа юм” хэмээн ардчилсан Үндсэн хуулиа тодорхойлжээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
