ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

O.Admin
1 цагийн өмнө

"Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2000-2009 онд гамшгийн давтамж хамгийн оргил үедээ буюу нэг жилд тохиолдсон гамшгийн тоо 350-500 болтол огцом нэмэгдсэн бол 2021-2030 онд гамшгийн тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшиг, аюулт үзэгдлийн давтамж энэ зууны дунд үе гэхэд одоогийнхоос 23-60 хувиар нэмэгдэж, зудын их зэрэглэлийн эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 2020-2022 оны дунджаас 2030 он гэхэд 14.4 хувиар нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон шинэ нөхцөлд дасан зохицох, олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар гамшиг, ослыг хохирол багатай даван туулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага тавигдаж байна. 

Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үерийн гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзжээ.