ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гал морин жилийн хаврын улс төрийн зодоон зүдэрсэн монголчуудыг хөлдөө чирэх вий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 цагийн өмнө

Монголчуудын шандсыг сорьж, улс төр, эдийн засгийн амаргүй сорилтод учруулсан могой жил халаагаа өгч, гал морин жил айлчлан ирэв. Монголын улс төрийн түүхэнд сонин содон түүхийг бичиж үлдээсэн могой жил эгэл иргэд бидний хувьд ширүүн байсан гэхээс илүү дээдэст буюу улстөрчдөд илүү ширүүн байж, намын зодоон төрийн зодоон болсон амаргүй цаг үеийг хамтдаа үдлээ.

Нэг өдрийн дотор засаглалын хоёр институци эзэнгүй болж, Үндсэн хуулийн цэц бүрэн утгаараа амилж, хуулийн машин хайр найргүй тасдаж, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн хэмээн улстөрчдөө сүрдүүлж, шүүж буй хачин улс төрийг бид хамтдаа үзлээ. Тэр дундаа эрх мэдлээрээ сүлэлдэж их олон жил төрийг эв найртай барьж ирсэн Ардын намын хагарал олон жилийн дараа савнаасаа хальж, хэн нь намд хийгээд төрд эрх дархаа хадгалж үлдэх вэ гэсэн тулаан өрнөв.

Энэхүү тулаан бүтэн жил үргэлжилсээр могой жилийн сүүлэн дээр бүрэн утгаараа дээд үе буюу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийгээд түүнийг тойрон хүрээлэгчид ялалт байгуулсан амжилтаар дуусаж байна. Тодруулбал, намын гол аппаратын нэг болох Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурлаа энэ сарын 14-ны өдөр хийснээр Д.Амарбаясгалангийн хүн гэгдэх Х.Булгантуяагаас холбоогоо авч, У.Хүрэлсүхийн хүн буюу “Эрдэнэт” үйлдвэрээр олон жил овоглосон Д.Үүрийнтуяад 98 хувийн саналаар өглөө.

Үндсэндээ эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбоо ийнхүү 70 оныхонд бүрэн шилжив. Хэнтийн ахан дүүс буюу Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нараар толгойлуулсан үе хоорондын тулаан намын удирдлага бүтцийг хэн авах вэ гэсэн өрсөлдөөнөөс гадна аймаг орон нутгаа өөрсдийн хүчээр зузаатгах том өрсөлдөөн болон өргөжиж морин жилийн хавраар Монгол орон даяар өрнөх нь тодорхой болж байна.

Нэг үгээр хэлбэл, намдаа хаант засаглалаа бүрэн тогтоож, хөлнөөс толгой хүртлээ өөрчлөхгүй бол тос дотроосоо өтдөгийн жамаар улс төр хийж мэдэхээр өрөөлийн гар хөл бологсдод боломж олгохгүй гэж бүрэн шийджээ. Үе хоорондын зөрчилдөөнийг үүнээс цааш нэг удаа ч гаргахгүйгээр нам дарах гэсэн шуналдаа тэд нэг мөр автацгаажээ. Тиймдээ ч гал морин жилийн хаврын улс төр галтай, дөлтэй байх болно шүү гэж У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын “сэлэмний ир” Б.Энхбаяр сайд лүндэн буулгалаа. Угтаа гурав тасарсан ч гүрвэлийн дайтай “арвалзсаар” байгаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хийгээд түүнийг тойрон хүрээлэгчдийг нэг мөр дарж авах аян дайнд Хуулийн сайд Б.Энхбаяраар толгойлуулсан 70 оныхны “сэлэмний ир”-үүд мордож, сэлэм гялс толгой бөндгөс гэсэн том улс төрийн зодооныг эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж, ээлжит сэвэлт, сэдвүүдээ ч сошиалд шидэж өгч эхлэх нь тэр.

Хилийн зурваст газар зарсан гэв үү

Сар шинийн өмнөхөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нар эдийн засгаа сэргээнэ, боомтын сэргэлтийг авчирна гэх нэрийн дор хилийн зурваст буюу Монгол Улсын дархан хилээс 0.9-2.5 км зайд 34.227 га газрыг 10 боомтын эргэн тойронд хууль бусаар олгосон байна.

Засгийн газрын сүүлчийн хуралдаанаараа гаргасан энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль хийгээд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн. Энэ гэхдээ зөвхөн эхний сэдэв. Энэ хавар бол халуухан хавар болно. Олон ч ноцтой баримтуудыг би ар араас нь ил болгоно. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, урвуулсан буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахаар шийдвэрлэв. Хуулийнхан одоо ажлаа шуурхай хийвэл зохино” гэж мэдэгдэв.

Угтаа Л.Оюун-Эрдэнэ рүү хийх ээлжит дайралт нь энэ байх болно гэдгийг мэдэгдлээ. Түүний хариуд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан Б.Тулга хариу мэдэгдэл гаргаж, “Б.Энхбаяр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан илтэд худал мэдээлэл олон нийтэд цацлаа. Өмнөх Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг бол боомтын сэргэлт байлаа. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ганцаарчлан шийдвэр гаргадаггүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бүх ажил хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсныг хариуцлагатай мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ хариуцлагатай байхыг мэдэгдье. Хуульзүйн сайд хүн үндэслэлгүйгээр ийм мэдээлэл хийж байгаа нь өөрөө хуульзүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. Тиймээс шүүхэд хандаж байна” гэж мэдэгджээ.

Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний зөвлөх Д.Амгаланбаатар “Хилийн зурвас газрыг хувийн компанид шууд олгосон асуудал байхгүй. Боомтын сэргэлтийн хүрээнд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хороонд эрх олгосон асуудал байсан. Асуудлыг нэг хүний нэр дээр улс төржүүлэн тайлбарлахын оронд тухайн үеийн шийдвэрийн зорилго, эдийн засгийн үндэслэл, институцийн хариуцлагын хүрээнд авч үзэх нь бодитой байр суурь юм. Асуудал байвал шалгуул. Баримт байвал ил болго. Харин үндэслэлгүйгээр нэр хүндэд халдах нь өөрөө хууль, шударга ёсны зарчимд харшгэлээ.

Ийнхүү эхний зодооны сэдэв ч албан ёсоор тодорхой болсон бөгөөд Хуульзүйн яамнаас өнгөрөгч пүрэв гарагт энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж буйгаа албан тоотоор мэдэгдэв. Үүнээс гадна Л.Оюун-Эрдэний ойрын хүн гэгдэх ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонгоог Засгийн газрын талаар сөрөг мэдээлэл гадагшаа гаргуулахгүй гэж олон тэрбумын пиарын гэрээг гадны хоёр иргэнтэй хийсэн хэмээн буруутгасан нь мөн л морин жилийн хаврын сэдэв байх нь ээ.

УИХ-ын Дэд дарга асан Х.Булгантуяа нарыг хуулийн өмнө дуудах уу

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах Л.Оюун-Эрдэнэ талын албан бичиг, УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг огцруулах Г.Занданшатар талынхны албан бичиг хоёрыг нэг өдөр хэлэлцэхээр 24 цаг тасралтгүй хуралдсан чуулганы хуралдааныг даргалах үүрэг УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяад ногдсон билээ. АН-ын тухайд энэ зодоонд оролцохгүй гэж шийдсэн, УИХ-ын дарга нь өөрөө огцрох хуралдаан байсан учраас хүссэн ч эс хүссэн ч Дэд даргын албан тушаалтай Х.Булгантуяад энэ хүндхэн даалгавар ногдсон нь үнэн.

Тэрбээр, бүтэн шөнөжин, өдөржин хуралдсан хуралдааныг даргалсныхаа дараа журмын нөхөр болох Ерөнхий сайдаас уучлалт гуйсан ч тэд тайвширсангүй. Эсрэгээрээ өнгөрсөн намар, өвлийн туршид Х.Булгантуяаг онилсон улс төр хийж, төрийн эргэлт буюу хууль бусаар авахыг санаархсан зөрчил гаргасан, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын Дэд даргаас огцруулаад зогсохгүй гишүүнээс нь эгүүлэн татах ёстой гэж улстөржив.

Түүнийг Монголд байсаар байхад эх орносоо зугтсан, хилээр гараад эргэж ирээгүй гэх мэтээр улстөржүүлж, төлбөрт мэдээ хэвлэлээр тараасан нь Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Ц.Сандаг-Очир нарыг хорхойтой араандаа зуусан шиг зуусныг илтгэх үйл явдал болж байна. Улмаар, Х.Булгантуяаг өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 14-ны өдөр СоДМЭХ-ны тэргүүний суудлаас буулгалаа. Ийнхүү гурван давхар хамгаалалттай байсан Х.Булгантуяа ганцхан гишүүний суудалтайгаа үлдсэн бөгөөд энэ хавар түүнийг амар тайван байлгахгүй шалгаж, хянах нь ч тодорхой бололтой. Товчхондоо, олонхийн шийдвэрээр хурал удирдсан бүсгүйд 70 оны ах нар төмөр нударгаа үзүүлж, өндийж чадахгүй болтол нь “балбах”-аар шийдсэн бололтой.

Бор тээг Д.Амарбаясгаланд тээг болсоор байх нь ээ

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Зарим хулгайч нар хилийн дээс алхаж нарлаж,  найрлаж яваа бололтой. Тун удахгүй тэднийг хуулийн өмнө дуудна” гэж мэдэгдсэн нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хаягласан үг байсан юм. Тэрбээр, нүүрсчдэд холбогдох дахин нэг баримт ол боллоо хэмээгээд “Старт эко транс” компанийг онцолсон бөгөөд жолоочгүй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан ч жолоочтой, жолоочгүй тээврийн хэрэгслээр 2023 оноос хойш 15.6 сая тонн нүүрс тээвэрлэсэн гэлээ.

Тэрбээр “Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж “Смарт эко транс” компанид давуу байдал олгосныг хянахад Хуульзүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар зөвшөөрөл олгосон. Мөн тус компани нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн ойрын хамаарал бүхий хүмүүсийн ажилладаг “Админерал” компанитай нэг өдөр байгуулагдсанаас гадна компанийн захирал нь “Баянмонгол” хорооллыг барьсан компаний захирлаар ажиллаж байсан.

Мөн тус компани хууль зөрчсөн байж болзошгүй гэдэг дүгнэлт очиход тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан буцаахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Концессын журмаар бус тендерийн хуулиар шийдвэрлэж, ганц компанид давуу байдал олгосон. Гашуунсухайт боомтоос гадна Ханги дээр ч яригдаж буй асуудал. Монопол байдлаар ажилласан энэ компани хоёрхон жилийн дотор 95.7 тэрбумын ашиг олсон” гэж мэдэгдлээ. Ингэснээр Бор тээгээс гадна Д.Амарбаясгалан “Смарт эко транс” гэгчтэй мөн нэр холбогдож, дахин нэг шинэ баримт гэгчээр хуулийн өмнө дуудагдах бололтой.

Үүнээс гадна энэ компаний асуудалд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Хотын дарга Х.Нямбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат гэсэн улстөрчид татагдаж, хаврын хамгийн том улс төрийн зодооныг эхлүүлэх нь ээ. Засгийн газар мөн могой жилийн төгсгөлд Д.Амарбаясгалантай нэр холбогддог Бор тээгийн орд дээр олон улсад нээлттэй тендер зарлаж хөрөнгө оруулагч урьж буйгаа мэдэгдэв.

Ингэснээр тухайн ордод нүүрс олборлолт хийхээр баригдсан үйлдвэрийг хэрхэх вэ гэдэг асуудал мөн л анхаарал татна. Д.Амарбаясгалантай хамаарал бүхий хятадууд барьсан гэх энэ үйлдвэрийг үнэгүйдүүлж хаях уу, эсвэл төр хийгээд ордод хөрөнгө оруулалт хийх компани хоёр нийлээд үнэгүйдүүлж булааж авах уу гэдэг нь сонирхолтой. Нөгөө талаас мөн л барьсан том үйлдвэр, гаргасан хөрөнгө оруулалтаа зүгээр харж суугаад өгчихгүй гэдэг нь тодорхой. Тиймдээ ч нүүрсний зодоон энэ хавар дахин эрчимжиж, Д.Амарбаясгаланд дахиад л Бор тээг нь тээг садаа болох нь ээ.

Х.Нямбаатарыг явуулж хотыг авах дайн эхэлжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний фракци буюу 80 оны залуусын хамгийн хүчтэй гол дүр болох Хотын захирагч Х.Нямбаатар том тулаан дунд хамгийн удаан тэсэж буй улстөрчийн нэг болоод буй. Тэрбээр өнөөдрийг хүртэл намдаа хаанчлал тогтоох эрх мэдлийн нэг том цулбуур болох Нийслэлийн МАН-ын тамга тэмдгийг атгасаар буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын албан тушаалдаа ч тэссээр байгаа.

Нөгөө талаас байсхийгээд л түүнийг оролдож буй ч тэр болгонд Х.Нямбаатар тохирсон хариуг нь барьж тэсэж үлдсээр байв. Тэгвэл 70 оны ах нар дахиад түүнд боломж олгохгүй гэж шийдсэн бололтой бүх нум, сумаа харваж эхэллээ. Нүүрсний хулгай хийсэн гэх “Смарт эко транс” компанид Х.Нямбаатар зөвшөөрөл олгосон гэх мэдээллээс гадна түүний ойрын хүн болох УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг мөн зодооны хэрэгт холбогдсон мэтээр сэвж, бүх талаар дайралт эхлэв.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан, Х.Нямбаатар нар зодолдож эхэлсэн гээд үйл явдал нэлээд эрчимтэй өрнөж байна. Намын гол аппаратуудыг бүгдийг нь атгандаа оруулсан 70 оныхон нийслэлийн МАН-ыг атгандаа оруулахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүйд хүрнэ. Тиймээс энэ хавар ямар ч үнээр хамаагүй Х.Нямбаатараас хотыг салгахаар шийдсэн бөгөөд Ж.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар ээлж дарааллан Х.Нямбаатар руу сум илгээж, түүнийг албан тушаалаас нь буулгаж хотыг авах дайн ийнхүү эхэлжээ.

Эдгээр том зодооноос гадна Л.Оюун-Эрдэнийг илтэд дэмжсэн зарим аймгийн Засаг дарга нар, ТӨХК-иудын дарга нар ч дуулиан шуугиантайгаар авлига, албан тушаалын хэрэгтэн мэтээр цоллуулж эхлэв. УИХ-ын гишүүн асан Б.Тогтохсүрэн, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Н.Энхбат, Увс аймгийн Засаг дарга агсан зэрэг олон ч хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ар, араасаа авлига, албан тушаалаар дуудагдах нь тодорхой болов. Товчхондоо бүх талаар 70 оны залуусынхаа хөл, гарыг нь таслах энэ том зодоон гал морин жилийн хаврыг галтай болгох нь ээ.

Цагаан морин жил монголчууд оготны хамраас ч цус гаргахгүйгээр хувьсгал хийж байсан. Гэтэл “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил эхлүүлж буй Ардын намын энэ зодоон эгэл ардын цусыг багахан үзэж, зүдэрсэн олон монголчуудаа талцаж хуваан зодолдуулахгүйгээр хамгийн гол нь туйлдсан эдийн засагтай улс орныхоо хувь заяагаар туг тахичихгүйгээр аядуу өрнөж өндөрлөөсэй хэмээн залбирч сууцгаая даа. Хоёр том хөршийн дундах ардчиллын баянбүрд болсон Монгол Улсынхаа тусгаар тогтнол, парламентын дархлааг хамгаалан үлдэж, энэ улсад эзэн бус эрх тэгш байдал илүү сайхан амьдралыг бий болгох, хамгийн чухал нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үнэт зүйлээ хамгаалан үлдэхийн төлөөх зодоон л болоосой гэж хүсэх л үлдэв. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин