“Нанчилдаангүй найрыг ямар найр гэхэв” гэдгийн адилаар дотоод сонгуулиа зохион байгуулахаар бүтэн хоёр сарын турш хөшигний цаана зодолдож, хор найруулцгаасан АН-ынхан өнгөрөгч пүрэв, баасан гарагт Төрийн ордны их танхимд “нанчидлаа”. “Шуудайнд хийсэн үхрийн эвэр” шиг эв түнжингээ алдаж, хоёр байтугай гурван ч даргатай явцгаасан тэд 2024 оны сонгуулийн өмнөхөн эмхэндээ хүчээр шахам орж, эв нэгдлээ зарлацгаан УИХ-ын сонгуульд оролцсон. Лу.Гантөмөрийн бяр чадал гэхээс илүү УИХ-д ахиухан суудал авахын тулд дүр эсгэсэн эвлэрэлд нэгдсэн АН-ын фракциуд 42 суудлынхаа дараа дахиад л шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эвдрэлцэж, намынхаа ҮБХ-ны 378 гишүүний төлөө ёстой л цусаа үзэхээс наагуур тэмцэлдлээ.
Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй хүн мөн дотоод сонгуульдаа өрсөлдсөн гээд хоёр сарын хугацаанд тэд толгой өөд татахгүй сонгуульдав. Эцэст нь нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь уйлж, “АН уналтын цэг дээрээ очлоо” гэж агсам тавих хэсэг ч гарч ирэх нь тэр. Ардчилсан нам хэрвээ шат, шатны сонгуульд ялсан тохиолдолд бодлогоор гайгүй албан тушаалд очих, цаашлаад намын жагсаалт, тойрогт өрсөлдөх боломжоо эхний ээлжинд олж авах ҮБХ-ны 378 суудлын дийлэнхид 39 хүртэл насны залуус сонгогдсон гэгдэж байгаа ч Ч.Лодойсамбуу, Д.Цогтбаатар гэх зэрэг УИХ-ын гишүүн залуу гишүүдээс гадна Д.Ганбат, Д.Жаргалсайхан, С.Одонтуяа зэрэг УИХ-ын туршлагатай гишүүд ч ҮБХ-ны гишүүний сунгаанаас мултарч, ирэх сонгуулиар намаасаа мандат авч чадахгүйд хүрэв. Нэг талаасаа харвал дотоод сонгууль нь шударга болсон мэт. Намын анхан шатны нэгжээс бус олны танил сэтгүүлч эсвэл лайвчин ахтай гэдгээрээ эгэл жирийн гишүүдийн урдуур шат алгасан харайж орж ирээд орон дээрээ хэвтэж байгаад л гишүүн болсон хүмүүс нь зохих хариугаа хүртжээ гэж дүгнэмээр.
Нөгөө талаасаа мөнгөний буюу царцаа нүүлгэсэн сонгууль боллоо гэх асуудал ч ҮБХ-ны дотоод сонгуультай зэрэгцэн гарч ирсэн билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дотоод сонгуульд ёстой үсгүй хусууллаа. Нээлттэй болсон нам маань цэгцэрч эхлэхдээ манийгаа эвхэж тавиад өнөө “Үбэхэ мүбэхэ” байхгүй ээ. Улс төрд үзэхээ үзэж, хүрэхдээ хүрч, сурахаа сурч л явна. Улаанбаатар хотдоо үлгэр жишээ болохуйц тайван, хэл амгүй, шударга сайхан сонгууль зохион байгуулж сэргэлт үзүүлсэн дүүргийнхээ намынханд талархал илэрхийлж баяр хүргэе” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ө.Шижир намын дотоод сонгуульдаа хүртэл царцаа нүүлгэж буй ах нар байлаа хэмээн эгдүүцэв. Ийнхүү хэрүүл тэмцэл, зодоон маргаантай бүрдсэн ҮБХ-ны 378 гишүүндээ батламж гардуулах, Улс төрийн зөвлөлийн 34 гишүүнээ сонгохоос гадна шинэчлэгдсэн дүрэмд тусгасан намын таван Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох байсан ҮБХ-ны хурлынхаа үеэр тэд хоёр өдөр хоолойгоо сөөтөл хэрэлдэж, чи би-дээ тулж, нударга зангидсаар хурлаа нэг сарын хугацаатай хойшлуулахад хүрэв.
Фракцийн төлөөллөө хангаж чадаагүй О.Цогтгэрэл цаг хожихоор шийдэв үү
Ардчилсан нам бол хэзээнээс олон нам нэгдсэн гэдэг утгаараа олон фракцийн төлөөлөлтэй явж ирсэн нам. Ардын нам шиг Удирдах зөвлөл нь шийдсэн бол ярсхийтэл гараа өргөж, 90-100 хувийн саналаар аливаа асуудалд шийд гаргадаг тохиолдол энэ намд хэзээ ч байгаагүй. Фракци хүчтэй, хүчгүйгээс үл хамаарч төлөөллийн зарчмыг хангах байдлаар үе, үеийн дарга нар намаа талын энгээр тараачихгүйхэн багцалж удирдаж ирсэн түүхтэй юм. Н.Алтанхуяг шиг менежер хүн л аль, аль талынх нь эв зүйг олж байж ялалтад хүргэж ирсэн бичигдээгүй хуулийг О.Цогтгэрэл өнгөрсөн хоёр өдөрт эвдэх гэж зүтгээд барсангүй.
Товчхондоо нэг компанийг ах дүүгээрээ удирдаж буй аятай АН-ын бүх албан тушаалд өөрийн хүнээ томилуулах гэсэн улайрал нь эцэстээ фракциудын дургүйцлийг төрүүлснээр генсекээ ч томилж чадахгүй гацаанд ороход хүргэжээ. Тодруулбал, АН-д бүр анхан шатнаас нь явж ирсэн Д.Амарбаясгаланг О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд Д.Амарбаясгалан ч өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд намынхаа дотоод сонгуулийг хэл ам багатайхан зохион байгуулж, ямархуу ранктай, бэлтгэгдсэн улстөрч вэ гэдгээ харуулсан. Гэвч түүнийг жинхлэх эсэх асуудлыг өнгөрөгч пүрэв гарагт хэлэлцэх үеэр ҮБХ-ны гишүүдээс цөөнгүй нь “О.Цогтгэрэл дарга та фракцийн төлөөллийн зарчмыг хангах ёстой. Бүлгийн даргын суудлаа өг. Мөн таван Дэд даргын томилгоонд фракци бүрийн төлөөллийг ханга. Тэгсэн цагт таны хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэх асуудлыг хэлэлцэх боломжтой” гэдгийг хэлсэн аж.
Гэвч О.Цогтгэрэл сөрж зүтгэсээр санал хураалгахад Д.Амарбаясгалан 143 хүний санал авч, 153 хүн эсэргүүцсэнээр генсекийн суудлаасаа бүрмөсөн мултрах нь тэр. Гэвч намын дарга О.Цогтгэрэл дахиад л бууж өгөөгүй. Маргааш нь буюу баасан гарагт А.Батпүрэв гэх залууг оруулж ирсэн ч фракциуд нь дахиад унагаж мэдэхээр байсан учраас таван Дэд даргын томилгоотойгоо хамт нэг сар хойшлуулав. Ингэснээр АН-ын фракциуд генсекийн хийгээд Дэд даргын таван суудлын төлөө дахиад нэг сар нанчилдахаар болж байна. Намын дарга болсон атлаа бүлгийн даргаа өгөхгүй гэж гэдийж, Нийслэлийн АН-ыг авахаас гадна намын бүлгийн Дэд даргын албан тушаал, цаашлаад намын генсекийн суудал гээд хүрч болох бүхэнд өөрийн “Нэг монгол” фракцийн эрх ашгийг хангах гэж улайрсан улайрал нь эцэстээ дахин нэг сар зодолдох, фракциудын зөрчил тэмцлийг улам бүр өрдөх улс төр лүү түлчихэв. О.Цогтгэрэл хэдийгээр энэ хугацаанд фракциудтайгаа учраа олж, нам доторх зөрчилдөөнөө намжааж чадна гэж тооцож буй ч Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд шахуу ирсэн энэ цагт хүчтэй лидерийн зангараг түүнээс үгүйлэгдэж буйг хоёр өдрийн хуралдааны уур амьсгал бүрэн харууллаа. Үүнийг ч намынх нь эгэл жирийн гишүүд хэлж байлаа.
Тухайлбал, АН-ын гишүүн өөрийн нүүр номын хуудсандаа бичихдээ “Ардчилсан намын ҮБХ-ны хурал генсек, намын дэд дарга нарын асуудалд нэг сарын завсарлага авлаа. О.Цогтгэрэл намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, мөн тэдний фракц Нийслэлийн намыг авлаа. Нэг ёсондоо О.Цогтгэрэл аймаар том цэцэгтэй хамаг гоё юмтай бялуун дээр ганцаараа суучихсан халбага, сэрээ, хутга гурав барьчихсан баян айлын бандгар хүүхэд шиг тарвалзаж байна гэсэн үг. Тэгээд намын генсек авах гэж үзлээ. Д.Амарбаясгаланг генсект зүтгүүллээ. Олонх зөвшөөрсөнгүй. Д.Амарбаясгалан бол генсек өлхөн хийх ясны зохион байгуулагч, эв эе зохицуулчих, хөрөнгө босгох, бичиг цаасны учрыг олчих ясны генсек хийх бүрэн потенциалтай залуу.
Гэвчиг Цогтгэрэлд хамаг албан тушаалаа май гээд дуугүй өгчихдөг нь АН-ынхан биш. АН бол МАН биш, фракцийн соёлтой, хааны командаар таван сум шиг нэг дороо багцардаггүй нь сайхан. О.Цогтгэрэл бүлгийн даргаа өгч байж генсекээ авна шүү дээ. Энэ бол гарцаагүй үнэн. Уг нь Увсынхан сийрэг, чамбай байдаггүй биш билүү. Н.Алтанхуяг бүх фракцийн учрыг олж хүүе хаая гэж хөлд нь сууж байгаад 2012 онд ялуулсан. Лу.Гантөмөр тамга ч үгүй талаар нэг тарсан АН-ыг хүчээр ч болов наалдан падаар нааж байгаад бүтэн болгоод 2024 оны сонгуульд оруулж хүчтэй цөөнх болгож өгсөн. Гэтэл бэлэн зэлэн юман дээр ирсэн О.Цогтгэрэлд Увс хүний ухаан сөөм битгий хэл алд дэлэм дутаж шаг мад болов оо хөөрхий. Нэг сарын завсарлагын хугацаанд шалаанаас гаргаж чадвал АН-ын даргаа үргэлжлүүлэн хийж чадна. Чадахгүй бол шаг мад… Шатрын нүүдэл том даргад зааж өгөх хүмүүс бий байлгүй дээ. Шатрын нүүдэл сурч ирэх даалгаврыг ҮБХ түүнд өглөө. Сурахгүй мугуйдлан зүтгэх аваас тэр зүгээр маруужингийн наймаачин гэсэн үг” хэмээн эгдүүцлээ илэрхийлжээ.
Бүлгийн нэгдмэл байр суурь алдагдаж, АН дахин хоёр хуваагдав уу

Намын ҮБХ-ны хуралдааны үеэр О.Цогтгэрэлийг бүлгийн даргын суудлаа өг гэж хамгийн их шахсан хүмүүс нь МоАХ хийгээд “Гранд монгол” фракци байсан гэх. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар сонгогдоод буй С.Баярцогт “АН ирэх сонгуульд эв нэгдэлтэй орохын тулд фракцийн эв нэгдлээ хангах ёстой. Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд “Гранд монгол” хүнээ тавина” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн бол МоАХ ч өөрийн хүнээ энэ суудалд сойж буй.
Тэгвэл “Бүлгийн даргаас буулгах улс төрийг манай намын зарим гишүүд МАН-ын даалгавраар хийж байна. МАН-аас тавьсан БЭТ-үүд АН-ын хүчийг сулруулж байна” хэмээн удтал эсэргүүцэл үзүүлж, намаа бүлэгтэйгээ захиран суугаа О.Цогтгэрэлийн удирдаж буй хуралд зарим гишүүд нь суухгүй байхаар шийдсэн бололтой. Тухайлбал, өчигдөр болсон АН-ын бүлгийн хуралд 25 гишүүн суусан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан хуулийг эдгээр 25 гишүүн дэмжихгүй гэж санал нэгджээ.
Харин үлдсэн 17 гишүүн нь түүнийг бүлгийн даргын суудлаа өгөх ёстой гэж гарын үсэг цуглуулсан гишүүд бололтой. АН хэрвээ энэ байдлаар цаашаа удаан явбал Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардын намын тоглоом болоод л дуусна. Тиймээс намын ажлыг "ТЭСО"-гийн зарчмаасаа ялгаж салгаж ойлгоод эв нэгдэл, ойлголцлыг хангаж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр шийдвэр гаргаад явахгүй бол О.Цогтгэрэл бүтэн жилээ ч үзэж чадахгүй даргын суудлаас ховхорч мэдэх том зөрчил АН-д үүссэн нь тодорхой болж байна.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
