ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

O.Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаан өнөөдөр болж, нийт 16 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу хэрэгжүүлж буй “Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян”-ы явцын талаар мэдээлэл сонсов.

Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн хүрээнд зохион байгуулсан тус аяныг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, ашиглалт хамгаалалт, тохижилт, засвар үйлчилгээний чиглэлээр өрнүүлжээ. Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр 42 бригад ажиллаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн хотын нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэн ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга танилцууллаа.

Мөн 2025 онд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн тооллого, мэдээллийн санг бүрдүүлж, нийт 21,167 модны цэгэн мэдээлэл, 1,107 шугаман хашлага, 813 талбайн мэдээллийг бүртгэсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлийн хэмжээнд 646 спорт талбай, 9 цэцэрлэгт хүрээлэн, 129 тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбайн нэгдсэн тоон мэдээллийг гаргажээ.

Сүүлийн жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, тохижилттой талбайн тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгээрийн арчлалт хамгаалалт, санхүүжилтийн асуудал дагаад өсөж, зарим тохижилт, ногоон байгууламжийн ажлууд орхигдох хандлага байгааг албаныхан онцоллоо.Иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 41 хувийг унжсан кабель, ил задгай утас, гэрэлтүүлгийн шонгийн тагтай холбоотой асуудал эзэлж байна. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн таг, явган замын эвдрэл, сул шороон хөрс, хайс хашлага, авто замын нөхөөс, арчлалтын асуудлаар гомдол ихээр ирдэг тул ашиглагч байгууллагууд болон дүүргүүд ажлаа уялдуулан, хариуцсан байгууламждаа үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн 2016-2022 онд 4-6 метр өндөртэй 11,900 гаруй нарс, 3,200 гаруй гацуур модыг шилжүүлэн суулгаж, ургалтын түвшнийг 99.1 хувьд хүргэсэн байна. Гэвч модны арчилгаа, усалгаа, бордолт, ургалтыг дэмжих агротехникийн ажлууд хангалтгүй байгаагаас нарс модны шилмүүс шингэрэх, амьдрах хувь буурах зэрэг эрсдэл үүсэж буйг мэргэжлийн байгууллагууд мэдээлэв.