ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Рио”-гоор оролдвол суудалгүй болдог жишгийг Н.Учрал давтах нь уу

O.Admin
1 цагийн өмнө

“Ноёноор оролдвол толгойгүй, нохойтой уралцвал хормойгүй” гэдэгчлэн хойноос чимээгүйхэн гэтэж ирээд хотонд маань “жаалж”, эзэн суусан “Рио Тинто” буюу Оюутолгойн эсрэг дуугарсан бүхэн чимээтэй, чимээгүй намнуулдаг жишиг Монголын төрд амь бөхтэй болжээ. 2009 оноос хойш энэ компани Монголын улстөрчдийг ил, далд тэжээн тэтгэж, өөрийн армиа бүрдүүлээд зогсохгүй, 17 жилийн хугацаанд баялгийг маань ашиглахдаа нэг ч төгрөгийн ногдол ашиг өгч үзээгүй нь 2025 оны сүүлээр зохион байгуулагдсан УИХ-ын “Хяналтын сонсгол”-оор ил болж байлаа.

“Оюутолгой” гэсэн малгайн дор ганцхан гэрээгээр хүдрийн асар их нөөцтэй Жавхлант, Шивээтолгойн хоёр том зэсийн ордыг маань “Онтрэ”-гээр халхавчлан ашиглахаар улайрч, усны төлбөрөөс зугтааж, татварын асар их өрийг бий болгосон гээд компанитай холбоотой сайнаас илүү саар мэдээлэл нь жин дарж байсныг гурван өдөр хуралдсан нээлттэй сонсголоор ил болгож байлаа. Үүний дараа Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойгоос Монголын хүртэх өгөөжийг 60 хувьд хүргэх, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах, 2026 онд ногдол ашиг авах шаардлага тавьж байсныг уншигч та тодхон санаж буй биз ээ.

Гэвч улс төрд юу өрнөсөн нь тодорхой бөгөөд иргэдийнхээ эрх ашгийг хамгаална аа хэмээсэн Г.Занданшатар зургаан сар ч хүрэхгүй Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, дараагийн Засгийн газар байгуулагдсан түүхийн гэрч нь бид өөрсдөө юм. Тэгвэл дараагийн Засгийн газрыг толгойлсон залуу Ерөнхий сайд Н.Учрал ч Оюутолгойтой ойлголцолд хүрэхийг эрмэлзсэн, уулзсан, хүссэн, шаардсан нь бас үнэн.  

Төрийн сайд дуудахад ч ирдэггүй “том толгой”-той Оюутолгойн удирдлагууд хийгээд “Рио”-гийн талын төлөөллийг өмнөө суулгаж байгаад “Оюутолгой өгөөж биш өр үйлдвэрлэж байна. 53 хувийн өгөөж хүртэх төслөөс зөвхөн татвараа л авлаа. Үйлдвэрлэл явагдах тусмаа Монгол Улсыг өрөнд оруулж байгаа энэ төслийн хүүг бууруулъя. Зээлийн хүүг 7 жил хэлэлцэж байгааг богиносгох ёстой. Саналыг хүлээж авахгүй бол та бүхэнтэй хамтран ажиллах боломжгүй. Бидний эцэг өвгөдөөс үлдээсэн Монголын баялаг бол ард түмний өмч” хэмээн эрс шулуухан мэдэгдэж байлаа. Үүний дараа Риогийн тал буулт хийж,

-Зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах

-Зардлыг 30 их наядаар бууруулах

-Хүртэх өгөөжийг 13 их наядаар нэмэх

-Ногдол ашгаа 2026 онд авах гэсэн хэлцэлд хүрч байлаа.

Хамгийн чухал нь 2037 онд гацчихаад байсан ногдол ашгаа бид 2026 ондоо багтааж өгөх амлалтыг тэд Ерөнхий сайдад өмнө нь сууж байгаад өөрсдөө өгсөн шүү. Н.Учралын түүхэнд үлдэх шийдвэр ч энэ юм. Гэтэл өнөөдөр өрнөж буй улс төрийг анхааралтай ажиглавал Оюутолгой дахин Засгийн газрын хувь заяаг хөндөхөөр улайрч эхэлсэн дүр зураг ажиглагдах болов.

“КОП”-ын дараа Засгийн газар хөдлөх нь ээ гэсэн мессежийг нийгэмд хаяж өгч, Н.Учралын Засгийн газар унах нь тодорхой боллоо хэмээн гар хөлүүдээрээ бичүүлж, улстөрчдөө хөлслөх ажилдаа ч тэд улайран орцгоожээ. Монголын 3.5 сая ард иргэдэд ногдол ашиг өгөхөөс илүү угжны хэдэн улстөрчдөө тойглож, санхүүжүүлэх нь тэдэнд хамаагүй хямдхан учраас арга ч үгүй биз.

Оюутолгойг сөхөхгүй байх цагт улс төр үхмэл байдалтай намжиж, эрх ашиг нь хөндөгдөх бүрт улсаараа талцан зодолдож, Засгийн газрын “тойрох” зурагддаг энэхүү жишиг дахин давтагдах магадлал өндөрслөө. Хамгийн анх Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлээд л “Рио Тинто” өөрт таалагдсанаа албан тушаалд нь ам бөх байх амлалт өгүүлэн амь бөхтэй суулгаж, эрх ашгийг нь хөндсөн хэнбугай ч “өшиглөн” буулгаж байсан жишээ энэ удаа ч давтагдах магадлалтай болжээ гэсэн үг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудлыг хөндсөн нь манай Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болсон. Оюутолгойн эсрэг дуугарсан Ерөнхий сайд бүхэн огцордог” хэмээн сонсголын үеэр мэдэгдэж байлаа. Тиймээс дараа, дараагийн Засгийн газрууд ч ам бөхтэй байя, амьд л үлдэх нь чухал хэмээн толгойг нь илж явсаар Монголын улстөрчдийг Риогийнхон хүслээрээ удирдаж чадна гэдэгтээ эрдсэн нь эндээс ил болж байна. Оюутолгой сөхөгдөх бүрийд эрх баригчдын дотоод зөрчил хурцдаж, бүлэглэлүүд идэвхжиж, эхэлдэг нь нууц биш болжээ. Эндээс ганц л асуулт гардаг нь өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого хэнд ашиггүй вэ.

Энэ асуултад хариулахын тулд мөнгө хаашаа явдаг, хэнийг санхүүжүүлдэг, ямар гэрээ байгуулагдсан, ямар компаниуд үйлчилгээ үзүүлдэг, ашиг сонирхол нэг хүмүүс нь хэн бэ гэдгийг гаргаж ирэхэд л болох асуудал юм. Монголын ард түмний баялаг болох стратегийн энэ том ордын үлдэх өгөөж, гарч буй зардал, төлж буй татвар, зээлийн хүү, ногдол ашиг цөм ил байх ёстой ч тэр асуудлыг ил гаргаж ирсэн, сөхсөн, хөндсөн, үр дүнд хүрэх гэж оролдсон улстөрч бүрээ намнаж, Засгийн газар болгоноо нураагаад байвал тамын тогоондоо 10, 20 жил гацаж, ногдол ашиг авах үлгэрээ дахиад ч арван жил ярьсаар суух биз ээ.

Тиймээс одоо ард түмэн өөрсдөөсөө хийгээд өрөөлийн гар хөл болж буй улстөрчдөөсөө нэг л зүйлийг асууя. “Монголын төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүд та бүхэн манай тал уу, баавгайн тал уу” гэж. “Та бүхэн Монголын эрх ашгийг хамгаалах уу, тогтолцооноос ашиг хүртэх буюу Риогийн гар хөл болох уу” гэдгийг асууя.

Оюутолгой зөвхөн уул уурхайн нэг төсөл, эсвэл өнөөдрийн Засгийн газрын хувь заяаны асуудал биш бөгөөд Монголын алс ирээдүйн асуудал учраас ард түмэн одоо л санаж, сэрж, асууж шаардаж, ногдол ашгаа авахын төлөө шаардлагатай бол жагсаж, тэмцээд ч хамаагүй Засгийн газрынхаа талд зогсох нь чухал өдрүүд намрын их ажилтай зэрэгцэн үүсэж магадгүй болжээ. Монголын ард түмний заяа гэж байдаг бол маргааш бид ногдол ашгаа авч чадна. Харин Риогийн ноёдын гар хөл болсон улстөрчид санасандаа хүрч төр засгаа тонгорч гэмээнэ 2037 он хүртэл төрөө самарч, түмэн олноороо талцаж суух л ганцхан сонголт бидний өмнө ирлээ. “Рио”-гоор оролдвол суудалгүй болдог жишгийг Н.Учрал давтах вий дээ.