ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг км төмөр замын өртөг 3.9 сая ам.доллар, нэг км гүүрэн замынх 42 сая ам.доллар

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-18

Нийслэлийн замын түгжрэлийг 30 хувь бууруулна хэмээн жил гаруйн хугацаанд зам хааж, жолооч нарыг бухимдуулсан Замын цагдаагийн уулзварын гүүрийг хоёр хоногийн өмнө нээлээ.  477 метр урттай гүүрэн зам ашиглалтад гүйцэд ороогүй байгаа. Үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, дарга нар очиж сүржин нээлт хийлээ.  Нээлтийн үеэр дахиад л замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой хэмээн  сайхан, сайхан ярьсан. 2018 онд Монгол Улс 64 мянган суудлын автомашин импортолж авсан.  Өдөрт 175 машин нэмэгдэж байхад ганц гүүрэн зам бариад Улаанбаатар хотын замын түгжрэл 30 хувиар буурна гэж байхгүй. Гэвч манай дарга нар хятадаас 42.38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл аваад, нэг гүүрэн зам барьчихлаа.   Бүхий л тойрог, салааг нь нэмээд нэг км орчим л урт гүүрэн зам. Үнэ нь 42 сая ам.доллар. Гэтэл манай зарим дарга нар, УИХ-ын гишүүд 280 сая ам.доллараар 200 км төмөр зам барих ёстой байсан гэж дайрдаг. 200 км төмөр замын шороон болон төмөр бетонон тулгууртай гүүрэн даланг бариад, дээр нь төмөр замаа тавиад, зөрлөг, өртөөг нь хүртэл байгуулахад энэ мөнгө хүрэх байсан гэж дайрсан. Дайрсаар ч байгаа, цаашид ч дайрч магадгүй. Одоо ч соошл ертөнцөд элийрдэг ч бил үү, балайрдаг ч гэл үү нэг хүүхний, бас бус бичээчдийн ганц сэдэв нь энэ.  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийг холбосон 200 гаруй км төмөр зам барь гээд 280 сая ам.доллар өгсөн чинь зөвхөн далан барьчихаад, үлдсэн мөнгийг “идсэн” гэж тэд дайраад байгаа юм. Учир мэдэхгүйдээ биш, мэдэхийн дээдээр мэдэж, албаар сэдэв болгон сэвж байна.

Тэд  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын  нийт өртөг нь 807 сая ам.доллар гэдгийг ч мэднэ.  276.3 сая ам.доллараар  энэ замын доод бүтцийн ажлын 51.8, газар шорооны ажлын 86.6, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийсэн гэдгийг ч мэдэж байгаа. 2015 онд М.Зоригт Зам, тээврийн сайд байхдаа Өмнөговьт очиж, бүтээн байгуулалттай нь танилцаад, мэдээлэл өгч байсныг. Дараа нь Д.Ганбат гэдэг хүн сайд байхдаа ч “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам санхүүжилтгүйгээс болж зогссон. Суурь далангийн ажлыг маш сайн хийсэн” хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Д.Дамба-Очир гишүүний асуултад хариулахдаа хэлж байсныг ч.  Одоогийн сайд Б.Энх-Амгалан ч гэсэн төмөр замын суурь бүтцийн ажлыг 80 хувьтай хийсэн, багахан засаад болно гэж хэлснийг ч тэд мэдэхийн дээдээр мэднэ.   Тэр ч битгий хэл 800 гаруй сая ам.долларын өртөгтэй төмөр зам барих ажлын хөрөнгө мөнгөний 30-хан хувийг өгчихөөд, үлдсэнийг нь яагаад Засгийн газар гаргаагүй гацаасан бэ гэдгийг ч тэд хэнээс ч илүү мэдэж байгаа биз.  Гэвч тэд дураараа авирлаж, төмөр зам бүрэн ашиглалтад ороогүй нь ганцхан хүний буруу мэтээр бичсээр, чичсээр л. За тэр элий балайгаа өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс нь тэгж балайрч байг, хамаагүй гэж бодъё. Гэтэл УИХ-ын гишүүд нь хүртэл тэгтлээ тэнэг болчихоогүй байлтай. Хэрвээ та нарын хэлээд байгаа шиг 276.3 сая ам.доллараар 208.5 км төмөр замыг иж бүрнээр нь барьчихаж хүрдэг юм бол Замын цагдаагийн гүүрэн гарц чинь тэнгэрт тулсан үнэтэй байна.  Ердөө ганцхан км гүүрэн замыг 42.3 сая ам.доллар. Хайран биш үү.  Түүний оронд 30 км төмөр зам тавьчих байсан юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд, цаашлаад Ханги-Мандалын боомт хүртэл төмөр зам тавих бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Тавантолгойгоос Дорноговь аймгийн Зүүнбаян баг руу 416 км стартегийн өндөр ач холбогдол бүхий төмөр замыг тавих ажил нэгэнт эхэлсэн. Түүнээс 30 км-ыг нь ч болов тавьчихсан бол аятай юу.  Ганцхан км хүрэхтэй үгүйтэй гүүр барьж тоглосноос арай дээр байсан юм.  Эсвэл Улаанбаатар хот дотор байгаа түгжрэлийн нэрмээс болсон төмөр замыг шилжүүлээд, Богд уулын урдуур тавьчихсан бол илүү дээр шийдэл байлаа. 276.3 сая ам.доллараар 208 км төмөр замыг иж бүрнээр нь тавиулах гэж зүтгээд байгаа ухаан нь хэтийдсэн МАНай улстөрчид 42.3 саяар Богд уулыг тойруулаад 30 км зам тавьчихаж чадах байсан нь ойлгомжтой.  Одоо ч оройтоогүй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам барих ажлаа Л.Элдэв-Очир, Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүдэд хариуцуулаад өгчих. Нэгэн үе ам нээх болгондоо л “280 саяар Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барих байсан. Мөнгө шамшигдуулсан” гэж ярьдаг байсан. Тэдэнд 400 сая ам.доллар өгөөд, 416 км зам бариад өг гэж хадаг бариад гуй.  Мөнгөө яаж хүргэж төмөр зам барих нууц аргыг соошлын элийрэгч, балайрагчид нь зөвлөнө биз. Тэд 400 сая ам.доллараар 416 км төмөр замыг далантай нь, гүүртэй нь, өртөө, зөрлөг гээд иж бүрнээр хийчихвэл ярьсан, хэлсэн болгонд нь итгэе. Төмөр замын өртөө болгон дээр хөшөөг нь барьсан ч яахав.

Та нар ингэж элийрч байхаар 276.3 сая ам.долларыг яаж хүргэж төмөр замын суурь бүтцийн ихэнх ажлыг хийсэн юм бол гэж гайхах ёстой байлаа. Зүгээр л энгийн тоо бодъё. Б.Энх-Амгалан сайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208 км төмөр замыг барих нийт өртөг 807 сая ам.доллар гэсэн. Нэг км замыг 3.9 сая ам.доллараар барина гэсэн үг. Гэтэл Замын цагдаагийн уулзварын нэг км хүрэхтэй үгүйтэй гүүрэн замыг 42 .3 сая ам.доллаар барьж байна. 11 дахин их өртгөөр ганцхан км гүүр барьж. Ялгаа их байгаа биз. Төмөр зам гэхээр зүгээр л захын шороог түрж овоолоод, дээр нь хоёр урт төмөр шидчихдэг юм биш. Тэр дундаа Гашуунсухайт чиглэлд барьж байгаа төмөр зам маш олон гүүр, хоолойтой. 208 км төмөр зам барихад 16 ширхэг гүүр барина.  126 хоолой байгаа. Дөмөгхөн худлаа ярьдаг хүнд нэг гүүрийн байгууламж нь л Замын цагдаагийн уулзварын гүүрэн замтай ойролцоо. Гэтэл гүүр, хоолойн ажлын 50 хувийг хийчихсэн гээд бод доо.  Ийм байхад 280 сая ам.доллар газрын гаваар ороод алга болчихсон юм шиг ярьж байгаа хүмүүс сэтгэцээ шалгуул. Төмөр зам бариагүйгээс болж ямар нэг үр дагавар гарч байгаа бол 800 сая ам.доллараа гүйцээж өгөөгүй Засгийн газар руу, тэр үеийн Ерөнхий сайд руу л дайр, гүйцээ.