ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрдэнэт"-ийг дөрвөн удаа барьцаалж 130 сая ам.долларын зээл авч байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-01

“Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьсан Ш.Батхүү гэх бизнесмэн эрийн дуулиан есөн жил нийгмийн анхаарлыг татсаар ирлээ. 2006 оноос эхлэн албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй таван удаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан түүний өрийг өдгөө “Эрдэнэт” үйлдвэр нуруундаа үүрэх нь тодорхой болов.

2006 оноос эхлэн “Жаст” групп “Стандарт” банктай харьцаж ирсэн нь баримтаар нотлогддог бөгөөд Ч.Ганзориг, Д.Сугар нарын зөвшөөрөлтэй эхний удаа зээл авч, улмаар амжилттай эргүүлж төлсөн учраас барьцаа гаргах байдлаар дараа нь нэг удаа зээл авсан нь талуудын өгсөн мэдээллээс тодорхой болсон.

Харин хамгийн сүүлд буюу 2009, 2010, 2011 онд авсан зээлд Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар гарын үсэг зурсан уу, үгүй юу гэдэг асуудал хэрүүлийн алим дэгдээж, тэд хуурамч гарын үсэг байсан хэмээн гүрийсээр байгаа юм. Хэрэг анх Ш.Батхүү Ц.Мянганбаяраас “Олон-Овоот”-ын орд газар худалдаж авахаас эхлэлтэй нь тодорхой болсон.

Анхлан 100 тоннын нөөцтэй хэмээсэн уг ордод хөрөнгө оруулахын тулд гадны банкнаас мөнгө зээлэхээр болж, үүндээ “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар баталгаа гаргуулах шаардлага үүсчээ. Гарын үсэг хуурамч байсан эсэхээс үл хамаарч тэр зорилгоо биелүүлсэн. Гэвч “Олон-Овоот”-ын алтны нөөц дөнгөж дөрвөн тонн алтны нөөцтэй болох нь илэрсэн байна.

Ингэснээр дуулиан үүсч эхэлсэн нь тодорхой. Улмаар бүх хөрөнгөө алдсан учраас банкны эргэн төлөлтийг хийж чадахгүйд хүрч, 2013 онд тэр дампуурлаа зарлаж байв. Энэ чимээ ч “Стандарт” банкны чихэнд хүрч, эргэн төлөлт орж ирээгүй учраас баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-д албан бичиг илгээж, мөнгөө төлөхийг шаарджээ.

Ийнхүү Монгол Улсын саалийн үнээ болсон Төрийн өмчит компаниудыг гадны банкинд барьцаалж орхисон нь ил болж, дуулиан таван жилийн хугацаанд үргэлжиллээ. Мөнгөө төлж чадахгүйд хүрсэн үйлдвэрүүд Олон улсын арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэхээр хандаж, хамгийн сүүлд буюу өнгөрөгч оны сүүлээр Арбитрын шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, Монгол Улсаас 102 сая ам.долларын өр нэхэж эхлэв.

Таван жилийн өмнө олонд ил болж, хэсэгтээ мартагдаад байсан хэрэг дахин олны анхаарлыг татлаа. Тэгвэл энэ хэрэгт холбогдсон болон хамаатай хүмүүсийн өчигдөр хэлж байсан үг, өнөөдөр ярьж буй зүйл, “Стандарт” банкны өрийг тойрсон дуулиан Монголын хэвлэл мэдээллээр таван жилийн хугацаанд хэрхэн яригдаж, ямар шинэ баримтаар баталгаажиж байсныг “Баримт тайлбар” буландаа онцоллоо.

Ш.Батхүү: Баталгаа гаргуулж зээл авсан нь үнэн

-Би 1997 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллаж ирсэн. Би “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулсан нь үнэн. Гэхдээ зөвхөн эхний шат 20 сая ам.долларын зээл авсан. 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авсан нь үнэн. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар хуулийн дагуу үзээд боломжтой бол баталгаа гарга гэдэг цохолт хийж өгсөн. Сүүлд авсан зээлүүдийн 97 сая ам.доллар нь “Хадгаламж” банкинд орсон. “Стандарт” банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Одоо хүртэл “Стандарт” банкинд төлөх ёстой зээл бий. Зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй буюу “Хадгаламж” банк болон “Олон-Овоот”-ын төсөл зэрэгт хөрөнгө оруулсан. Хэрэв “Олон-Овоот”-ын төсөл амжилттай болж, банкаа шинэ хөрөнгө оруулагчдад зарчихсан бол энэ бүх зээл төлөгдчих байсан. “Монгол газар” компанийн харьяа компаниуд манайхаас авсан шатахууныхаа төлбөрийг барагдуулахгүй, 10 гаруй тэрбумын өртэй болчихоор нь “Олон-Овоот”-ын төсөлд авлагынхаа хэмжээнд оролцсон.
/Улс төрийн тойм 2013.07.25/

Ц.Даваацэрэн: Архивт батлан даалт гаргасан гэх баримт байхгүй

-Ийм асуудал үүссэн нь үнэн. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ асуудал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд анх сөхөгдсөн. Тухайн үед Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас манай үйлдвэр рүү “Манайхаас мөнгө зээлсэн “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай “Эрдэнэт” үйлдвэрт хандаж байна” гэх утга бүхий албан бичгийг манайд ирүүлсэн. Энэ дагуу л уг асуудал сөхөгдсөн гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн ээдрээтэй байгаа асуудал нь манай үйлдвэрийн архивт зээл авсан болон батлан даалт гаргасан гэсэн ямар ч бичиг баримт байхгүй байгаа юм. “Стандарт” банкны зүгээс Жаст группын зээл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтыг хуулбарлан манайх руу явуулсан. Үүнийг бид Төрийн өмчийн хороо руу явуулсан байгаа. Түүнээс биш манай талд эх хувь нь байхгүй гэж ойлгож болно. Би тэр бичиг баримттай нь танилцсан. 2009 оноос хойш нийтдээ 109 сая ам.долларын зээл авсан юм билээ. Хүү нь Чингис бондын хүүтэй л ойролцоо юм уу гэж харсан шүү. Нэг их өндөр биш байсан шиг санагдаж байна. Намайг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаал дээр ирэхэд ийм асуудлын сэжим байгаагүй. Бичиг баримт дунд нь ч байгаагүй.
/2013 оны долдугаар сарын 22/

Д.Сугар: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой

-“Жаст” групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу гэхээр “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Хүсэлтэд “Аж ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. “Жаст” группын борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. Энэ гэрээ хэлцэл 2008 онд хэрэгжээд дууссан. Тэр үед бид гэрээ хэлцэл амжилттай хэрэгжиж үйлдвэрт ашигтайгаар дууслаа гэсэн ойлголттой үлдсэн юм. Авсан бүх зээлээ төлсөн байсан. Хууль зөрчөөгүй. Хэрэгжээд дууссан асуудал. “Стандарт” банкнаас зээлсэн их хэмжээний валютын асуудлаар УМБГ надаас байцаалт, мэдүүлэг аваагүй.
/Эх сурвалж: Ийгл телевиз 2013.07.26/

Ш.Батхүү: Би хувийн баталгааг гаргаж авсан

-“Эрдэнэт”-ээс зэсийн баяжмал худалдаж аваад дэлхийн зах зээлд худалддаг “Стандарт” банк бидний хамтарсан бизнест олгосон зээл. “Эрдэнэт” үйлдвэрийг орооцолдуулах сонирхолтой байгаа юм. Энэ асуудалд “Эрдэнэт” ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирно гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Ер нь бол дараа дараагийн зээлүүдийг би хувийн баталгааг гаргаж авсан. Энэ дээр барууныхан болсон хойно зүгээр л амьдралд байхгүй юм шаардаад байсан. Бүх юмыг чинь барьцаалчихлаа. “Эрдэнэт”ээс баталгаа авчирч өгөө гээд. Тэрийг нь янзлаад өгчихсөн тал бий.
/Үндэсний шуудан сонин 2013.08.01 /

Д.Цогтбаатар: Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэсэн

-Эрдэнэт үйлдвэр санхүүгийн алдагдалд байгаа боловч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа. Ш.Батхүүтэй холбоотой зүйлийг би хэлж мэдэхгүй. “Стандарт” банкнаас гомдол гаргаснаар асуудал үүссэн юм билээ. Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ өөрөө хүлээгээд байгаа.
/”Өдрийн сонин” 2013.08.20 /

Н.Алтанхуяг: Засгийн газарт хамаагүй

-Аж ахуйн нэгж хоорондын асуудал учраас Засгийн газарт хамаагүй шүү дээ. “Стандарт” банкнаас нэг бичиг наашаа явсан гэх яриа бий. Хэнд хаягласныг нь мэдэхгүй байна. Одоогийн байдлаар Засгийн газарт ямар нэгэн бичиг ирээгүй. Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөөгүй.

Х.Тэмүүжин: Монгол Улс Арбитрт дуудагдаад байгаа

-Өөрөө хэргээ хүлээх нь нэг асуудал. Үүний цаана Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэж хэлдэг. Хуурамчаар үйлдсэн гээд явчихаар гарын үсэг зурсан гэж байгаа “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Иймэрхүү хэргээс болж Монгол Улс арбитрт дуудагдаад явж байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг дээр тусдаа ажлын хэсэг байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны төвшинд байгуулсан ажлын хэсэг бол бидний эрх хэмжээ хүрэхгүй юм байна гэдгээ хэлсэн. Тиймээс дахиад өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулах асуудал яригдана. Одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болбол, хэрвээ үүнд Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой.
Эх сурвалж: /2013.10.23 “Зууны мэдээ” сонин/

Т.Очирхүү: Зээлийн баталгаа биш

-Зээлийн баталгаа биш л дээ. “Жаст” групп, УБТЗ хоёрын байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ гэж байгаа. 2006 оноос хойш УБТЗ “Жаст” группээс дизель түлш авч байсан юм билээ. Сар болгон 6000-7000 орчим тонн түлш авдаг байх. Үүнийхээ л төлбөрийг бид тус компанийн данс руу хийж байсан. Төлбөрийг бид “Хадгаламж” банк болон “Стандарт” банкинд хийж байсан. Энэ л гэрээг зээлийн батлан даагч болсон гэж андуураад байх шиг байна. УБТЗ зээлийн баталгаа гаргасан асуудал байхгүй. “Жаст” группыг Хатан хааны шүүхэд өгсөн нь үнэн байх. Хэргийг шүүх шатанд хариуцаж байсан байгууллагуудаас тайлбар авах зүйл гардаг л байх даа. Тэр дагуу л УБТЗ нэр холбогдсон болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин 2013 он 11.1/

С.Баяр: Ямар нэг учир холбогдол байхгүй

/Ерөнхий сайд асан/
-Би Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан. Найз нөхөддөө мөнгө гаргаж өгсөн бол үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад надад хатуу хариуцлага хүлээлгэх учиртай. Тийм юм болсонгүй. Би Ерөнхий сайд байхдаа, дараа нь ч тэр энэ асуудлын талаар ямар нэгэн учир холбогдол надад үгүй гэдгийг УИХ-ын танхимд хариуцлагатайгаар танд бөгөөд энэ үгийг сонсож буй ард иргэддээ хэлэхийг хүсч байна.
/УИХ-ын чуулганы танхим. 2016.11.18/

Ц.Нямдорж: Арбитрын маргаанд огт оролцоогүй

/Хуульзүйн, дотоод хэргийн сайд/
-ХЗДХ-ийн яам болон Засгийн газар арбитрын маргаанд огт оролцоогүй. Энэ маргаанд “Эрдэнэт үйлдвэр” нөгөө талаас “Стандарт” банк оролцсон. Яамны ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т юу болсныг судалж байгаа. Түүнээс маргаанд оролцохгүй. Юу болсныг нь Засгийн газарт танилцуулах л үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ маргаан 2013 онд гарсан. Тухайн үедээ шалгаж, шоронд хийх хүмүүсээ хийгээд Ш.Батхүү гэдэг хүн суусан шүү. Эцсийн дүндээ энэ мөнгийг төлөх ёстой, авсан хүн нь Ш.Батхүү гэдэг хүн шүү. Тэр хүний хөрөнгийг нарийвчлах, хууль хяналтынхан хэргийн учрыг олох асуудал байгаа. Би болон манай яамны албан тушаалтнууд энэ хэрэг рүү орох ямар ч эрхгүй. Хуулийн хувьд хаалттай. Тэр Лондоны Арбитрийн маргаанаас ямар дүгнэлт гарсан нь Монголын Засгийн газарт хамаа байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т л байгаа болов уу.

Д.Сумъяабазар: Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой

/Уул уурхайн сайд/
-“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа. Үүнийг хариуцаж байгаа хүмүүс нь анхааралдаа авсан. Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу, юугүй 100 сая доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна. Мэдээж “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой.

Б.Мөнхжаргал: Арбитр гарын үсэг хуурамч гэдэгт санал нийлсэн

/“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан/
-Монголын ард түмэн энэ гэрээ нь жинхэнэ үү, үгүй юу гэдгийг эхэлж зайлшгүй мэдэх хэрэгтэй. Монголын шүүх энэ гэрээг жинхэнэ эсэхийг үзэх боломж байхад үүнийг ашиглахгүй хурдхан шиг Арбитрын шийдвэрийг биелүүлчих гээд байгаа нь тодорхой ашиг сонирхолтой байгааг илтгэнэ. Хэрвээ тэр гэрээ ирчих юм бол манайх мөнгө төлөхгүй байх бүрэн боломж байна. Хэрвээ яаран төлчих юм бол тэр хуурамч гэрээ хэзээ ч Монгол Улсад ирэхгүй. “Стандарт” банк 172 сая ам.долларын зээлийг Ш.Батхүүд өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрт ирж Ч.Ганзориг захирлаас “Танайх баталгаа гаргаж өгч байгаа юу” гэж нэг ч удаа асуугаагүй. Тэрийгээ шүүх дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Ш.Батхүү ч хуурамчаар үйлдсэн гэдгээ манай үйлдвэр рүү албан бичгээр хүргүүлсэн. Би болсон бүх зүйлийг бодитоор нь ярьж байна. 2010 онд авсан 75 сая ам.долларын зээл гарын үсэг нь хуурамч, тамга нь “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй байна гэдгийг Монголын шүүх шинжилгээний байгууллага тогтоосон. Хэрэв Монголдоо итгэхгүй байгаа бол Английн хараат бус шинжээч Жайлес гарын үсэг хуурамч, дуурайлган зурсан, тамга хуурамч гэдгийг мөн тогтоосон. Арбитр үүнтэй санал нийлсэн. 75, 27, 34 сая ам.долларын зээлийн гэрээ бүгд гарын үсэг, тамга хуурамч гэдгийг тогтоосон дүгнэлт гарсан. Мөн анх авсан 36 сая ам.долларын зээл дээр шинжээч нар бас дүгнэлт гаргасан байгаа.
/2018.02.13 “Өдрийн сонин”/

Г.Занданшатар: “Эрдэнэт”-ийн 51 хувьд нөлөөлөхгүй

/ЗГХЭГ-ын дарга/
-Энэ хэмжээний мөнгийг төллөө гэхэд үйлдвэрийн 51 хувьд шууд нөлөөлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн ашиг 410 тэрбум төгрөг буюу 150 сая ам.доллар орчим байдаг. Муугаар бодож эрсдэл хүлээлээ гэхэд ашиг нь буурна. Сайнаар бодоход хохиролгүй болгох чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллах болно. Энэ асуудлаар 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 2017 оны наймдугаар сарын 22-нд Лондоны Арбитрын захиргааны хэргийн шүүхээс гаргасан хүсэлтэд “Эрдэнэт” үйлдвэр хариу өгөөгүй юм байна лээ.
/2018.02.05/

Д.Сугар: Би өөрийгөө холбоогүйг баттай мэдэж байна

-Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол бид хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад, 461 дүгээр хорих ангийн үүдэнд очно Ш.Батхүүг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгааг тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий. Ямар ч байсан би өөрийгөө холбоогүйг баттай мэдэж байна. Улс орноо ийм байдалд хүргэсэн хүн нь илүү дэлгэрэнгүй ярих байлгүй. 2009 онд зээлсэн 36 сая ам.доллар, 2010 оны 27 сая ам.долларын талаар шийдвэр гарсан байна лээ. 75 сая ам.доллар, 34 сая ам.долларын зээлд өгсөн баталгаа хуурамч гэдгийг Арбитрын шийдвэр чинь өөрөө зөвшөөрчихсөн байгаа. Тэр байтугай 27 сая ам.долларын баталгааг ч хуурамч гэж зөвшөөрөөд, харин үйлдлээрээ хэрэгжүүлж эхэлсэн байна гэж үзсэн бололтой. Тэр нь чухам юу юм би мэдэхгүй.
/“Өдрийн сонин” 2018.02.21/

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавих үед хэн ямар албан тушаалыг хашиж байв

Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд газар төдийгүй дэлхийн эдийн засаг хямарч байсан хүнд бэрх тэр жилүүдэд Монгол Улсын төсвийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьж байх үед хэн ямар албан тушаал эрхэлж байв.

Н.Энхбаяр – Монгол Улсын Ерөнхийлөгч (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь улсынхаа хамгийн чухал үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьж байгааг мэдэхгүй байна гэж үгүй)

Д.Дэмбэрэл – Монгол Улсын Их Хурлын дарга

С.Баяр - Монгол Улсын Ерөнхий сайд (“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавихтай холбоотой бүх асуудлыг нэгбүрчлэн мэдсэн гэх мэдээлэл бий. “Эрдэнэт” үйлдвэр бол ганцхан Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэгтэйгээр шууд банкны барьцаанд очих жижиг асуудал биш)

С.Баярцогт – Монгол Улсын Сангийн сайд (Төрийн өмчийг барьцаалан гадаадын банкнаас зээл авч буй асуудалд Сангийн сайдын зөвшөөрөлгүй явсан эсэх нь эргэлзээтэй)

Р.Болд – Тагнуулын Ерөнхий газрын дарга (Энэ хүн тус байгууллагын даргаар 2007-2012 оныг хүртэл таван жилийн турш ажилласан.)

Д.Сугар – Төрийн өмчийн хорооны дарга (“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавихыг зөвшөөрч холбогдох бичиг баримтад гарын үсгээ зурсан)

Т.Очирхүү – “Улаанбаатар төмөр зам” ТӨК-ийн захирал (УБТЗ ТӨК-ийг “Стандарт” банкны барьцаанд тавихыг зөвшөөрч холбогдох бичиг баримтад гарын үсгээ зурсан)

“Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх санал гаргажээ

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрдэнэт” үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгчихсөн учраас өрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх санал гаргасан нь тодорхой байна. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч байгаа юм байна. “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө “Эрдэнэт” –ийн данс руу орсон уу гэсэн асуулт үүсээд байгаа. Энэ мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон атлаа эргээд гарсан байгаа. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй. Үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй байна. Одоо яаралтай арга хэмжээг авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эрсдэл үүсэхээр байна. Таван жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм байна” гэв.

Г.Алтан Ш.Батхүүд өгсөн мөнгөө “Төрийн банк”-наас гаргуулахаар зүтгэв үү

“Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт” үйлдвэрийг тавьж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан “Жаст” группын захирал асан Ш.Батхүүгийн балаг үүгээр дуусахгүй. “Төрийн банк” Эдуард Сүрэн гэгчид 51.5 тэрбум төгрөг төлөх шийдвэрийг шүүх гаргасны цаана ч гэсэн Ш.Батхүүтэй холбоотой орооцолдсон хэрэг нуугдаж байгаа юм. Эдуард Сүрэн гэдэг бол Ж.Сүрэн буюу Г.Алтангийн хүү.

Тэрбээр “Зоос” банкны 20 хувийг эзэмшиж байсан гэдэг юм билээ. 2009 онд “Зоос” банк дампуурч, “Төрийн банк” болж хувирсан. Дараа нь “Хадгаламж” банк дампуурахад шууд “Төрийн банк”-инд нэгтгэсэн. Түүний дараа 2010 онд Эдуардын Сүрэн гэгчээс “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн гэх 32.8 сая ам.долларын хэрэг босч ирэх нь тэр.

Тухайн ханшаар 51.5 тэрбум төгрөг. Эдурдын Сүрэн “Хадгаламж” банкинд хадгалж байсан тэр олон сая ам.доллараа дөрвөн ч удаагийн гэрээ байгуулж, цувуулж зээлсэн хэмээн 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр болсон Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг аж. Ш.Батхүү энэ их мөнгийг зээлэхдээ “Хадгаламж”-аар баталгаа гаргуулжээ.

Харин “Хадгаламж” банк дампуурч, активыг нь “Төрийн банк”-нд шилжүүлсэн учраас Э.Сүрэн мөнгөө тэндээс нэхэмжилж, шүүхэд хандсан нь энэ юм. Одоо болтол энэ асуудал сунжирсаар л байгаа. Яг үнэндээ Эдуард Сүрэн гэгчээс Ш.Батхүү 32.8 сая ам.доллар зээлсэн үү гэдэг эргэлзээтэй.

“Төрийн банк”-ны захирал асан Д.Батсайхан 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Хуульзүйн сайд Д.Дорлигжав зэрэг албан 3, 4 хүнд албан бичиг хүргүүлсэн. Тэгэхдээ дээр дурьдсан дөрвөн ч удаагийн зээл өгсөн гэх төлбөрийн баталгаанууд нь “Хадгаламж” банкны архивт огт байхгүй бөгөөд тухайн төлбөрийн баталгаануудын огноо, дугаарууд нь өөр бусад баримт бичгүүдийн огноо, дугаартай давхацсан байгаа. Хамгийн ноцтой нь “Хадгаламж банк” 2010 онд бусдад баталгаа гаргах эрхийг Монголбанкнаас аваагүй байсан” гэдгийг дурьдсан байдаг.

Өөр нэг жишээ дурьдая. “Өдрийн сонин”-ы 2010 оны нэгдүгээр сарын 13-ны 099 /3399/ дугаарт гарсан “Ц.Мянганбаярын өмчийг Ш.Батхүү, Ш.Батхүүгийн хөрөнгийг төр хамгаалахын учир юу вэ” гэдэг нийтлэлд “Монголын арилжааны банкуудын дампуурал Олон овоот алтны уурхайн лицензеээс эхтэй. “Монгол шуудан”, “Хадгаламж” банктай нэгдсэн шалтгаан, “Зоос”-ыг төрийн өмчит болгож, суурин дээр нь “Төрийн банк” байгуулсан зэрэг нь эцсийн дүндээ “Олон овоот”-ын лиценз банкны зээлд барьцаалагдсан учраас эрх мэдэлтнүүд бусдын гарт алдахгүйг хичээж, нэр бүхий банкийг дампууруулалгүй авч үлдэж, нэг хэсгийг нь нэгтгэж, заримыг нь нэгтгэсэн.

Тийм ч учраас “Анод”-оос өөр банкийг дампууруулаагүй байгаа. Мөн “Зоос” банкны хувьцааг Ш.Батхүү худалдаж авахдаа “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн нэр дээрх мөнгийг ашигласан гэдэг юм билээ” хэмээн бичсэн байгаа юм. Энэ бүхнээс дүгнэж үзвэл, Г.Алтан Ш.Батхүүд өгсөн хөрөнгө оруулалтаа л “Төрийн банк”-наас гаргуулах гээд байгаа бололтой.

Д.Баярсайхан захирал ч гэсэн “Товчхон хэлэхэд, энэ хэргийг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж, хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж, “Төрийн банк”-наас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард “Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин”-гийн Г.Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна” хэмээн ярьжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан бичигт баримтыг устгасан байжээ

-Ш.Батхүү ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Олон овоот” уурхайг ашиглахын тулд гадаадын банкуудаас их хэмжээний зээл буюу 109 сая ам.долларын зээлийг Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас 2009 онд авсан нь ил болоод байна. Дээрх зээлийн баримтыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсгээр баталгаажуулж өгсөн байжээ. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал ярихдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан баримтыг авчирч үзүүлэн өрөө нэхсэн нь үнэн. “Стандарт” банкнаас манай үйлдвэр рүү “Манайхаас мөнгө зээлсэн “Жаст” групп зээлээ хугацаандаа төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай “Эрдэнэт” үйлдвэрт хандаж байна” гэсэн утга бүхий албан бичгийг манайд ирүүлсэн. Гэхдээ хамгийн ээдрээтэй асуудал нь манай үйлдвэрийн архивт зээл авсан болон батлан даалт гаргасан талаар ямар ч бичиг баримт байхгүй байгаа юм. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа” гэжээ.
/“Үндэсний шуудан” сонин. 2013.07.24 /

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн Хонконгод данс нээсэн нь тогтоогджээ

-Хонконгийн банкинд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн данс нээж “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөө шилжүүлэн авсан нь тодорхой болсон юм байна. Ингэхдээ 2009 оны гуравдугаар сард, 2010 оны тавдугаар сард, мөн есдүгээр сард, 2011 оны тавдугаар сарын 03-нд гэх мэтээр хэд, хэдэн удаагийн үйлдлээр зээлээ авсан байгаа юм. Хуулийн байгууллагынхан ч “Эрдэнэт” үйлдвэрийн экс удирдлагуудын нээсэн Хонконг дахь дансыг илрүүлэхэд нэг их түвэг учраагүй аж. Учир нь он гарсаар авлигаар мөнгө олж, түүнийгээ гадаадын банкуудад байршуулан амар жимэр суудаг байдлыг эцэслэн Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хонконгийн Прокурорын байгууллагатай уулзаж, хууль бус дансыг илрүүлэн шалгах талаар тохиролцож чадсан юм. Тиймээс хуулийн ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн Хонконг дахь дансны талаар ил тод тайлан авахаар Хонконгийн Прокурорын байгууллагад албан тоот хүргүүлэхээр зэхэж байгаа аж. Түүнээс гадна тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан албан тушаалтнуудыг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шинээр хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “Жаст” группын захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас зээл авсан ч юм биш. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Стандарт” банктай шууд зээлийн гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдохоор болсон байна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд орж ирсэн 160 сая ам.доллараас 109.9 сая ам.долларыг нь “Жаст” группын захирал Ш.Батхүү зээлж үлдэгдэл 50 сая ам.доллар нь усанд хаясан чулуу шиг сураг алдарсан гэх. “Эрдэнэт” үйлдвэрийн нэр дээрх данс нь Хонконгод өнгөрөгч 2009 оны хавар нээгджээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийнхний “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний хуулийн ажлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын 1997 онд санаачлан байгуулсан “Mahoney liоttiа" гэх хуулийн фирм гүйцэтгэсэн юм байна. Энэхүү хуулийн фирм нь өдгөө ч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэрхүү зээлийн гэрээний хуулийн ажлыг гардан гүйцэтгэсэн хуульч АНУ-ын иргэн бөгөөд өдгөө амралтаараа нутаг буцсан юм. Уг фирмийн ажилтнууд ч “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний зарим хэсэгт ажилласан гэдгээ ч хүлээгээд байна.
/“Eagle.mn” сайт. 2013.08.12/

Ч.Ганзоригийг ямар учраас шалгах болов

-Өнгөрсөн тавдугаар сараас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг УМБГ-ынхан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буюу албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байхдаа “Стандарт” банкнаас 160 сая ам.долларыг зээлэх гэрээнд гарын үсэг зурсан хэрэгт буруутгасан юм. Уг хэргийн шалгах ажиллагааны явцын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банктай зээлийн гэрээ байгуулсан талаарх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Уг хэрэгтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооноос шаардагдах баримт бичгийг гаргуулж авсан. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ч холбогдох баримтуудыг гаргуулан авч цаашид хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв. Түүнчлэн Ч.Ганзоригийн бүх данс, хөрөнгө орлогыг нэг бүрчлэн шалгаж байгаа тухай мэдээлэл ч байна. Ч.Ганзоригоос “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг тодруулахад “Эрдэнэт” үйлдвэр 2007 онд “Жаст” группын захирал Ш.Батхүүд батлан даалт гарган зээл авахуулж байсан нь үнэн. Харин 2009 оноос хойшхи зээлийн асуудлыг би огт мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгч мэлзсэн юм.
/“Eagle.mn” сайт. 2013 он/

Д.Сугарын “эвэр”-ээр Ш.Батхүүг мөргөлөө

-УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Жаст” группын захирал асан Ш.Батхүүг өчигдөр 10.00 цагт дуудаж, байцаалт авсан байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар нь мөрдөн байцаагч н.Эрдэнэбилэг дуулгаж, анхны байцаалт авсан нь энэ ажээ. Түүнийг анх “Стандарт” банкийг залилж, 109 сая ам.долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэж, прокурорт хүргүүлсэн байдаг. Тухайн үед мөрдөн байцаагчийн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цуглуулсан баримт Ш.Батхүүг буруутгах хэмжээний үндэслэлтэй байгаагүй гэдэг. Иймээс прокурор эрүүгийн хэрэг үүсгэн Ш.Батхүүг сэжигтнээр татахаас татгалзжээ. Тэгвэл энэ удаа Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэж, “Стандарт” банкнаас зээл авч, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг хохироосон гэдэг асуудлаар шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, “Ирсэн гомдлын дагуу Ш.Батхүүг өнөөдрөөс эхлэн сэжигтнээр тооцон байцаан шийтгэх ажиллагааг эхлүүллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2 буюу хуурамч бичиг баримт үйлдэж, бусдад онц хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгаж байна. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор энэ хэрэгт албан тушаалтнууд холбоотой юу. Энэ хүнийг цаашид цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай юу гэдэг нь тодорхойгүй байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
/“Үндэсний шуудан” сонин. 2013.08.16 /

Т.Очирхүүгийн гарын үсгийг дуурайлгаж тендер өгсөн үү

-“Өглөөний сонин”-ы 2013 оны наймдугаар сарын 23-ны өдрийн дугаарт Д.Цогтбаатар: ГОК болон УБТЗ-ыг барьцаанд тавьсан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа” гэх гарчигтай нийтлэлд УБТЗ-д ажиллаж байсан инженер залуу “Т.Очирхүү дарга төмөр замд шахааны бизнесийг цэцэглүүлж байсан. Тухайлбал, өөрийнхөө бохир ажлыг хийхгүй гэсэн хүнийг хууль зөрчөөд ч хамаагүй ажлаас нь халдаг байсныг төмөр замчид хэлээд өгнө. Олон сайн бэлтгэгдсэн боловсон хүчин хохирч байсан даа. Тэр гарын үсгээ бусдад ашиглуулдаг болсон бололтой. Төмөр замд зарлагдсан “Тавцангийн тендер”-ийг түүний гарын үсэгтэйгээр баталгаажуулдаг юм. Түүнээс доод албан тушаалтан Т.Очирхүүгийн өмнөөс гарын үсгийг нь зураад тендер зарласан болоод байна. Уг тендерийг Т.Очирхүү өөрийн талын компанид өгсөн. Ер нь тендер зарлагдсан үед нээлттэй биш хаалттайгаар дотроо хувааж авдаг байсан. Ийм заваан юм хийж байж, шалгуулах болохоор “би мэдээгүй” гэж доод тушаалын хүмүүс рүүгээ хэргээ чихэж болохгүй” хэмээжээ.
/“Өглөөний сонин” сонин. 2013.08.23/

Ш.Батхүүгийн гэрээнүүдийг Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил хянаж байжээ

-“Жаст”-ын Ш.Батхүү бусдын гарын үсгийг дуурайлган, “Стандарт” банкнаас зээл авахдаа зээлийн батлан даагчийн гэрээ байгуулсан байдаг. Харин энэхүү гэрээнд хуулийн талаас нь туслалцаа үзүүлсэн гэх хүнээр Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын нэр тодорч, нэлээд шуугиан тарьж эхэллээ. Түүнчлэн хуулийнхан батлан даагчийн гэрээг байгуулахад ямар хүн оролцсон бэ гэдэгт анхаарлаа хандуулж, нэр бүхий хүмүүсийн хойноос мөрдөлт хийн, хэргийн үзүүрээс атгаж авсан учраас Ц.Мөнх-Оргилын хуулийн фирмийг ч мөшгөж эхэлсэн байна. Хэрвээ үнэхээр тухайн үед гэрээг Ц.Мөнх-Оргилын хуулийн фирм хянаж байсан аваас энэ нь маш ноцтой гэмт хэргийн нэг субьект болох юм. Тэгэхээр нэр бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар ашигласан эсэхийг Ц.Мөнх-Оргил гэрчлэх болоод байна. Манай талд олдохгүй байгаа гэрээний нэг хувийг “Стандарт” банкны зүгээс гаргаж ирж байгаа нь бүр ч их хачирхалтай. Тиймээс л “Энэ хэрэг анхнаасаа ганц Ш.Батхүү гэдэг хүнтэй холбоотой биш нь харагдаж байн