ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бид хонгор үрсээрээ дутна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-27

Уламжлалаар түрий барьсан хэдэн баячууд харанхуй шөнөөр морь уралдуулснаас болоод 16 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь саяхан.  Үзэгдэх орчин хязгаарлагдсан харуй бүрийгээр хурдан морь унаж уралдсан гурван хүүхэд машин мөргөж унаад, ухаан алдсан. Арай л амиа алдчихаагүй.  Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аядуу зөөлөн дарга тийм уралдаан зохион байгуулсныг мэдээгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж, арьсаа хамгаалж байлаа, тэр үед.

Харин сайдаар ажиллаж байсан нэг эрхэм “Нар эрт жаргасан, хүүхдүүд өөрсдөө уралдана гэсэн” хэмээн өөрийгөө өмөөрч билээ.  Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач хүүхдийн үс авах найр хийхдээ даага уралдуулж аархав. Гэтэл нутгийн нэг залуу даагаа сойхдоо хоёрхон настай, ээжээ ч гэж зөв дуудаж сураагүй, хэлд дөнгөж орж буй нялх үрээ адгуус дээр хүлээд давхиулжээ. Хүү дааган дээр хүлээтэй явахдаа “Ээдээ, ээдээ” хэмээн хашхирч, уйлж байсан гэж хамт уралдсан хүүхдүүд нь ярьсан байна билээ. Арай л зэрлэг цэнгэл биш үү.  Даага ч байна уу, азарга ч байна уу уралдуулж болно оо.

Гэхдээ хоёрхон настай нялх үрээ мануухай аятай хүлээд, нус нулимстай нь хутгана гэдэг арай л биш.  Гуравхан настай хүүхдээ хурдан морь унахаас айлаа хэмээн аав нь зодож, хүнд гэмтээчихлээ. Хоёр, гурван настай хүүхэд шалихгүй уяачийн морь уях гэсэн хүслийн золиос болж, хүлүүлж, зо­дуу­лах ёсгүй юм­сан. Ээж, аав­­даа эр­хэлж, хөө­рүүл­сэн сүү ууж, өрөм, ху­сам эргүүлж, өдөр нойроо дий­лэх­гүй унтаж л байдаг нас.  Гэтэл уяа сойлгийг нь тааруулсныг үл мэдэх морь унаад шороо тоосон дунд давхиулахын тулд хүлж л байдаг, зодож нүддэг яачихсан эцэг хүмүүс вэ. Хөөрхийдөө хонгор үрс минь, уламжлалыг түгээх том хүн болох ёс­той болохоос золиос нь байх учиргүй биз дээ.  

“Ааваа та надад хөлбөмбөгийн хувцас авч өгөөрэй” гэж аавтайгаа утсаар ярихдаа захисан 11 настай жаал хүү сахиусан тэнгэр болоод диваажин руу нисчихлээ. Алдар нэрээ дэлхийд цуурайтуулсан хөлбөмбөгч болно доо гэж мөрөөдөж, энэ спортод дурлаж явсан хүү бөмбөг алдахгүй гэж манаж байсан хаалгандаа даруулчихна гэж яахан зүүдлээ билээ. Орой аав минь ирэхдээ хөлбөмбөгийн өмсгөл аваад ирнэ.

Түүнийг нь өмсөөд найзуудтайгаа шавайгаа ханатал хөлбөмбөг тоглоно доо гэж хөөрч, баярлаж зогссон байх. Харамсалтай нь  томчуудын салан задгай, хэнэггүй байдал хүүг хүсэл мөрөөдөлтэй нь хамт аваад явчихлаа.  Аав, ээжийнхээ хамгийн бага хүү нь болж мэндэлсэн есхөн настай жаал найзуудтайгаа хөгжилдөн тоглож яваад тогонд цохиулаад өчигдөрхөн нас барчихлаа.  Дахиад л томчуудын хэнэггүй, салан задгай байдлын золиос нь бяцхан хүү болж, хүсэл мөрөөдөл унтарлаа. 11 дүгээр хороололд шинээр нээгдсэн эмийн сангийн төмөр хаалганд цахилгааны утас наалдчихсан байсан юм билээ.

Тэр хавийн хүмүүсийн хэлж байгаагаар бол хоёр, гурван хоног цахилгааны утас ил байсан аж. “Аз жаргалтай Улаанбаатар”-т амьд явах баталгаа байхгүйн дахин нэг жишээ.  Цахилгааныхаа утсыг цэгцэлчихсэн бол хүү өнөөдөр амьд явж байх байлаа. Ах нь түүнд унадаг дугуй авч өгөх гэж байсан аж. Магадгүй ахынхаа авч өгсөн дугуйг жийгээд, үеийн найзууддаа гайхуулж явах байсан биз. Даанч тэр дугуй унахаасаа өмнө томчууд бидний тоомжиргүй сэтгэлийн золиос болчихов. Монголдоо л ганц гэж болохоор хүүхдийн паркийн тоглоомонд суугаад тоглож байтал эвдрээд уначихсан хэрэг ч сая бас гарлаа. Ослын улмаас хүүхэд хүнд бэртэж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн.

Паркийн ажилчид хүүхэд бэртлээ гэж санаа зовохоосоо өмнө эвдэрсэн тоглоомоо хурдхан гагнах яарсан гэнэ билээ.   Баян, ядуу хамаагүй, бид энхрий үрсийнхээ төлөө хөдөлмөрлөж, зүтгэж, тэднийхээ инээдээр хөглөгдөж, үсийг нь үнэрлэж, хацрыг нь үнсэж эрч хүч авч яваа. Харин бидний хайраасаа ургуулж, энхрийлж өсгөж байгаа үрсийг минь эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулах үүрэгтэй албан тушаалтнуудын хайхрамжгүй байдал энэ орчлонгоос өдөр бүр авч явах боллоо. Хүүхдээ гадаа гаргахаас, цөөн хэдэн тоглоомын талбайд тоглуулахаас ч айж байна. “Аз жаргалтай Улаанбаатар”-т бид ядаж л хэзээ, яагаад бэртчих бол гэж бодолгүй амьдрах вэ. 

Монголчуудын амьдрал нэг үеэ бодвол дээшилж, хүний эрх, хүүхдийн сайн сайхны төлөө тэмцэж л байна. Дагавар хүүхдээ заазуураар зүсч, төрсөн охиноо зодож, нүдсээр байгаад алчихдаг араатан авиртнуудыг нийтээрээ үзэн ядаж, жигшдэг болсон. Тийм зүйл дахин гаргуулахгүйн төлөө хуулиа чангатгаж, хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа. Энэ бол дэвшил.  Үр хүүхдээ хайр гамгүй зодож, уурын мунхгаар эрүүл мэндийг нь хохироодог хүмүүсийг бид ховлох ухамсартай болчихлоо. Нэг үеэ бодвол гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийг тарчлаах хэрэг багассан юм болов уу гэж бодогддог.

Гэхдээ л томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болоод бяцхан үрс минь амиа алдсаар л.  Баян-Өлгий аймагт 3, 4 настай хоёр бяцхан хүүхэд голд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ховд аймагт дөрөвхөн настай бяцхан хүүхэд бас л голд живж, нас барсан. Дорнод аймагт хоёр настай бяцхан охин ээжийнхээ хамт хонинд явж байгаад алга болов. Саяхан эрлийн ажиллагааг нь зогсоолоо.  Амьдралын баяр баясал болсон бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сулруулж огтхон ч боломгүй байна, эцэг, эхчүүд минь.  Тоглохоос өөрийг мэдэхгүй гэнэн хонгор хүүхдүүд минь энэ нийгмийн, араатан авиртай хүмүүсийн, бидний өөрсдийн хайхрамжгүй байдлын золиос болсоор байх юм гэж үү. Диваажин сахиусан тэнгэрээр лав дутаагүй байх. Харин бид хонгор үрсээрээ дутна.