ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эхлээд уучлалт гуйгаад сурчихмаар байна, улстөрчид өө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-23

Улстөрчид, олны танил од, тамирчид алдаагаа алсаас хайдаггүй, ухаарал, гэмшил хоёртоо эзэн нь болж, ард түмнээсээ уучлалт гуйгаад сурчихмаар байх юм аа. Ийм соёлыг эзэмшиж сураагүй, үг үйлдлээрээ бусдад үлгэрлэж чадахгүй бол өөрийгөө тэгтлээ дөвийлгөж магтах хэрэг юу ч байх билээ. Нэр хүнд гэдэг нэмээд хариуцлага, итгэл, ёсзүй, үлгэр дууриалал дагуулж ирдэг. Уучлалт гуйж сурна гэдэг хамгийн том соёл. Тэр дундаа улстөрч, урлаг, спортынхонд бүүр их хамаатай. Иргэдийн саналгүй сонгууль, үзэгчгүй тоглолт, дэмжлэггүй спорт байхгүй. Угаасаа байх ч боломжгүй. Иргэд байхгүй бол тэд байхгүй. Тэд байхгүй ч иргэд байсаар, амьдарсаар, ажилласаар л байх билээ. Тиймээс түмнийхээ дэмжлэгийг хүртэж, өдий зэрэгтэй яваа бол эхлэл рүүгээ нулимдаг бус хүндэлдэг, хайрладагдадалд суралцахад буруудахгүй билээ. Алдах зүйл ч үгүй. Харин ч эсрэгээрээ хайр, хүндлэл нь хэвээр үлдэх юм.

Гэтэл манайхан ард түмний бухимдал, албан тушаалаас нь хариуцлага нэхсэн үйлдлийг албан тушаал, улс төр, эхнэр, хүүхэд, ээж, аавтайгаа хутгаж, өөрт хамааралтай хэдээс л уучлалт гуйсан дүр үзүүлээд, асуудлыг мартуулахыг оролддог нь нууц биш. Бас болоогүй түүндээ ялархаж, тунирхаж, гомдоллож, гоншигнож байгаа нь олон нийтийн дургүйг улам хүргэчих юм. Тухайлбал, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан гэхэд хүүхдээсээ уучлалт гуйж, сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдэж, муйхарлаж суугаа нь олон нийтийн дургүйцлийг улам төрүүлсэн билээ. Олон нийтийн зүгээс Шадар сайдын хүүг бус өөрийг нь шүүмжилж, хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй атлаа хувийн зардлаараа хүүгээ сургах ёстой, ардын хүүхэд орж чадахгүй байхад албан тушаалаа урвуулж ашигласан гэх асуудлыг хөндсөн байдаг. Хүүгийнх нь дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн, сурлага сайтай эсэх нь олон нийтэд огт хамаагүй, хамаарал ч байхгүй. Харин нэг ч гэсэн монгол хүн дэлхийн шилдэг сургуульд тэнцэж буй нь бахархал. Тиймдээ ч аав нь албан тушаалаа эрдчихлээ ард түмэн минь уучлаарай гэх болов уу гэтэл “Аавыгаа уучлаарай” хэмээн хүүхдээсээ уучлалт хүссэнийг монголчууд огтхон ч ойлгоогүй юм.

 

Боломжтой хэсэг нь Төрийн сан руу гараа дүрэхгүй, хүүхдүүдээ хувийн зардлаар сургаж, бусдад илүү хүртээмжийг түгээх, тэгш зарчмыг л хүссэн төдий. Харин энэ асуудалд Шадар сайд бухимдах бус ард түмнээсээ уучлалт гуйчихсан л бол болчих асуудал шүү дээ. Түүнээс гадна, 2017, 2018, 2019 онд УИХ-ын нэр бүхий 50 гаруй гишүүн ЖДҮХС-гаас хэдэн зуун саяар нь зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайлсан асуудал хөндөгдөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Зарим нь ял сонсож, хариуцлагаа хүлээсэн байдаг.

 

Цөөн хэдэн хүний асуудал шүүхэд оччихоод явж байгаа. Харин энэхүү асуудалд холбогдсон гишүүдэд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ард түмнийхээ боломжийг хулгайлсандаа уучлалт гуй”гэхэд улстөрчид цаазын ял сонссон мэт л аашилж, аяглаж байсан удаатай. Энэхүү хэргийн гол зохион байгуулагч, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг харин ээжээсээ уучлалтгуйгаад өнгөрч байв. Гэтэл түүнийг УИХ-д нэр дэвшиж, гишүүн болоход Баянзүрх дүүргийнхэн санал өгсөн байдаг. Харин түмнийхээ боломжийг хулгайлж, бусдад давуу тал олгосон асуудлаа аав, ээжтэйгээ хутгаж, ард түмнээ басамжилж байсан удаатай.Саяхан олон нийтийг нэлээд бухимдуулж, шүүмжлэлд өртсөн асуудал бол “Никитон” хамтлагийн ахлагч Баачка буюу Б.Батчулууны марзан онигоо гэх хүчирхийллийн асуудал. Эмэгтэй хүнийг архидан, согтууруулах ундаа их хэмжээгээр өгч, өөрийгөө хянах чадваргүй үед нь хүчирхийлэл үйлддэг эрийн тухай ярихдаа амьдралынхаа баяр баясалтай мөчийг дотны найз дуучин С.Сэрчмаад хэлж байгаа юм шиг ярьж байсан нь олны бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байдаг.

Эрхэм дуучин харин энэ үйлдэлд намайг уучлаарай гэж хэлэх бус эсрэгээ ийм зүйлд хутгасанд уучлаарай хэмээн найз С.Сэрчмаагаасаа уучлалт гуйж, олон нийтийг мөн л доромжилж байлаа. Энэ нь онигоо ч биш. Охид, эмэгтэйчүүдийг  доромжилдог, дорд үздэг, гутаадаг, хүчирхийлдэг эрийн ганцхан жишээ байсныг хэлснийхээ төлөө монголчууд түүний уурыг л хүргэсэн хэрэг. Ийм жишээ маш олон бий. Багын найзыгаа ухаангүй болтол зодчихоод Олимпын аварга Н.Түвшинбаяр ч уучлалт гуйсангүй. Гэтэл жижигхэн асуудалд холбогдсон ч гарч ирээд уучлалт гуйчихдаг эр зориг эрчүүдэд бус эмэгтэйчүүдэд илүү байгааг бид бас харж буй. Тухайлбал, ХНХ-ын сайд А.Ариунзаяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвд коронаг эмчлэх ор дэлгэх гэсэн шийдвэр нь олны шүүмжлэлд өртсөн даруйд тун соёлтойгоор уучлалт гуйгаад гаргасан шийдвэрээ цуцлав. Ийм эр зориг л эрчүүдэд дутагдаад байна. Уучлалт гуйх соёлд суралцсаныхаа дараа олны танил хэмээн биеэ тоож, улс төрд хөл тавиасай.