Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна.
"Кью эс си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нар гэрчээр оролцож байна. Тус компанийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт зээл нь 71.3 сая ам.доллар. Энэ зээлийн тал нь буюу 36.5 сая ам.доллар нь Улаанбаатар хотын банкны Монголбанк дахь долларын харилцах дансыг зузаатгасан гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Энэ талаар Э.Шижир "Кью эс си ХХК уул уурхайн металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлж эхлэхээр 2010 оноос эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн. Концессын гэрээгээр энэхүү төсөл үргэлжилж хэрэгжсэн. Концессын гэрээнд нь тусгагдсан нэг төсөл нь Төмөртэй орд-Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөл байгаа. Уг төслийг 2014 оны наймдугаар сараас төслийн санхүүжилтэд зориулж Хөгжлийн банканд зээлийн хүсэлт тавьсан. Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай зээлийн гуравны хоёрыг Хөгжлийн банкнаас, үлдсэн гуравны нэгийг арилжааны банкнаас санхүүжүүлэх байдлаар танилцуулж, арванхоёрдугаар сарын 3-нд зээл шийдэгдэж орж ирж байсан. Төсөл амжилттай хэрэгжиж, 2015 оны арванхоёрдугаар сард төмөр замын бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээлгэж өгөх ажил дууссан. Нийт нэг их наяд орчим төгрөгийн зээлийг "Кью эс си" ХХК энэ төсөлтэй холбоотойгоор авч ашигласан. Үүний 10 орчим хувийг Хөгжлийн банкнаас авч хэрэглэсэн. Сая зээлийг зориулалтын бусаар ашигласан юм шигээр тайлбарлачихлаа. Хөгжлийн банкнаас хийгддэг зээл өөрөө яг төслийн санхүүжилт хэлбэрээр шат дараалсан байдлаар олгогддоггүй ба нэг дор хийгддэг юм байна лээ. Тухайн үед нэг дор хийгдсэн мөнгөн урсгалыг бид зөв удирдахын тулд өмнө байсан зээлүүдийг хааж, зээлийн бүтцийг нь өөрчлөх хэлбэрээр зээлийн нийт мөнгөн урсгалын орон зайг бий болгосон. Улмаар төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авч хэрэглэсэн зээл зориулалтын дагуу хэрэглэгдэж, төсөл хэрэгжиж дууссан.
Б.Энхбаяр: -Та Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг захиралтай хамаарал бүхий этгээд мөн үү?
Э.Шижир: -Биш. Хамааралгүй.
Б.Энхбаяр:- "Стийл индастриал" компанийн 100 хувийн эзэмшигч нь Э.Шижир байна. Өөрөө хэлбэл та Стийл индастриал компаниар дамжуулж, Кью Эс Си компанийг эзэмшиж байна гэж ойлгож болох уу?
Э.Шижир: Болно.