ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтаншагай: Хоёр талын хуваагдлаа больж, ойлгоцолд хүрч ажиллах шийдэлд хүрлээ

O.Admin
49 минутын өмнө

Хоёр хуваагдаад буй МАН-ын бүлгийн 30-ын бүлэг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр албан өрөөндөө уулзсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв.

Тэгвэл 30-ын бүлгийн зарим төлөөлөл гарч ирэн хэвлэлд ярилцлага өгөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Миний хувьд анхнаасаа ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчим барьж, Н.Учралыг намын даргад дэмжсэн. Тэр байр сууриа хамгаалж байгаа. Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны Ерөнхийлөгч, 2028 оны УИХ-ын сонгуульд намын даргын хувиар намаа удирдаад орох ёстой.

Мөн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв гээд асуудлаа яриад явна. Үүндээ төвлөрч нухацтай ажиллах шийдэлд хүрсэн. Огцруулах асуудлыг огт яриагүй. Цаашид ч ярихгүй. Намын эмэгтэй гишүүд рүү Л.Энх-Амгалан сайд гүтгэсэн гэх асуудлыг ярилаа. Л.Энх-Амгалан сайд хуулийн байгууллагаар асуудлыг шалгуулаад ирсний дараа уучлалт гуйх эсэхээ шийднэ гэдэг хариу өглөө.

Намын дарга бол эв нэгдлийг хангах ёстой субьект. Тэр утгаараа асуудалд ул суурьтай ханддаг. Эвийг эрхэмлэх, үл ойлголцлоо яаралтай арилгая гэж саналаа хэллээ. Бүлгийн гишүүд хуралдаа суугаад эхэлчихсэн. Байнгын хороодын хуралдаандаа ирцээ бүрдүүлээд явж байгаа. Сөрөг хүчний гишүүд харин чуулгандаа суухгүй байгаа. 30/38 гэж дунд нь талцуулдаг, эвлэрүүлэхгүй байя гэдэг үл үзэгдэгч гар байна. Ойлголтын зөрүүгээ арилгаж ойлголцолд хүрсэн” хэмээн байр сууриа илэрхийлжээ.