ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гарди: Г.Дамдинням өнөө хэр суралцсаар байгаа учраас зээл нь төлөгдөөгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-23

Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаж байсан Боловсролын сангаас зээл авсан иргэдийн нэрс ил болсонтой холбогдуулан олон хүмүүсийн нэр сошиал орчинд цацагдаж, олон нийт зээл аваад эргэн төлсөн, төлөөгүйгээс үл хамааран тус асуудалд нэлээд ач холбогдол өгч шүүмжилж буй. Төрийн өндөр албан тушаал хашиж буй атлаа төрийн нэрээр зарласан тэтгэлэгт хамрагдан сурсан 210 мянга орчим хүнээс зөвхөн 230 хүн л зээлээ эргэн төлөөгүй гэх асуудал яригдаж буй. 30 гаруй жилийн хугацаанд зээлд хамрагдсан эдгээр хүмүүс бүгд дарга, цэргийн хүүхэд биш нь тодорхой. 

Тэгвэл UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга Д.Гарди мэдээлэл өгөхдөө

“Боловсролын зээлийн сан дээр зээлийн сонгон шалгаруулалтыг давсан иргэдийг яамнаас сонгон шалгаруулдаг. Зээлийн сангаар амжилттай суралцаад төгссөн хүмүүс бий. Тэд зээлээ эргэн төлсөн. Зээлээр суралцаж ирээд улс эх орондоо тогтвортой ажиллаж, зээлийн хөнгөлөлтөд орсон хүмүүс бий. Зээлийн эргэн төлөлтөө хийсэн хүмүүс ч олон байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд гишүүн биш байхад нь хоёр хүүхэд нь зээлд хамрагдаад, тухайн үедээ төлөөд явсан асуудал бий. 

Тухайлбал, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг нар чөлөөлөлтөд орсон. Шадар сайд С.Амарсайханы хүүхэд тэтгэлэгт хамрагдсан ч тэр тэтгэлгээр сураагүй.  Г.Дамдинням гишүүн докторын түвшинд сураад явж байгаа. Зээл нь бүртгэлтэй, төлөгдөөгүй явж байгаа” хэмээн ярьжээ.

Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Номуун 2017 онд төгсөж, ажилд орсноос хойш таван жилийн хугацаанд эх орондоо ажиллаж байгаа учраас эргэн төлөх үү, чөлөөлөлтөд орох уу гэдэг нь удахгүй яригдах бол IHC койныг санаачлагч А.Мөнхжин Боловсролын зээлийн санд эргэн төлөх үлдэгдэлтэй гэлээ.