УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралаараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа.
Ажлын хэсэгт парламентад суудалтай гурван намын төлөөлөл орсон. Ажлын хэсэг төслөө боловсруулсан. Үндсэн хуульд зааснаар бид зургаадугаар сарын 20-ноос өмнө хуулиа батлах ёстой. Лхагва гаригт Засгийн газраас саналыг нь аваад, ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хлэлцүүлэхээр төлөвлөж байна. Хуулийн төсөлд тусгасан таван чухал асуудлыг хэлье.
- Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.
- Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан.
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
- Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болголоо.
- Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгаа. Өмнөх хуулиар 20 хувь байсан." гэлээ.