ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Daewoo"-гийн Вьетнам дахь салбар үйлдвэрт автобусыг угсарч, Монгол руу нийлүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-09-25

Засгийн газраас нэг бүрийг нь 400 сая төгрөгөөр тендергүйгээр улсын нууцад оруулан БНСУ-ын "Daewoo" компаниас автобус оруулж ирж буй билээ. Тэгвэл энэ автобус нь хуучин байсан, зэвэнд идэгдсэн хуучин автобусыг шинэчилж будаад оруулж ирлээ гэх мэдээллийг зарим иргэд сошиал орчинд бичжээ. Тухайлбал, "Erdenebat Chuluunbaatar" гэх иргэн өөрийн нүүр номын хуудастаа "Өнөөдөр телевизээр Монгол Улсын Засгийн газар төсвийн мөнгөөр 1 ширхэг бүрийг нь 400 сая төгрөгөөр тендергүйгээр, улсын нууцад оруулж байгаад хэдэн зуун автобус худалдаж авсан тухай мэдээллийг үзээд яг одоо Замын- Үүдийн гааль дээр орж ирсэн уг автобуснуудыг үзэж сонирхов.

Хэлэх ч үг алга. Мөнгө угаалт гэж үүнииг л хэлдэг байх. Daewoo-г уг нь Солонгос гэж бодож байсан чинь Вьетнам болчихож, хийц эд анги, хаяг шошгоны стандарт гэж түй ч алга. Явах эд анги кузов бол битүү зузаан замаск, хальс шиг нимгэн төмөр.

"Мade in Vietnam" гээд цаасан дээр бичээд наачихаж. Би л хувьдаа автобус авахаар бол үүнийг 40 саяаар авахгүй. АТҮТ, ГЕГ газар ийм машиныг ямар дүгнэлт гаргаж яаж оруулахыг л харъя. Хотын захиргаа, Түгжирлийн сайд яаж хүлээн авахыг ажия" хэмээн бичжээ.

Тэгвэл энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд албан ёсны эх сурвалжаас буюу "Daewoo" компанийн төлөөлөл ярихдаа "Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүгдийг өөрсдийн үйлдвэртээ гарган авдаг. Бүх шат дамжлага нь машинаар шалгагдаад үйлдвэрээс бэлэн болоод гардаг. Ямар ч гадны оролцоо буюу гаднаас бүтээгдэхүүн авдаггүй.

Тийм учраас хэрэглэгчдэдээ чанарын баталгааг бид бардам өгдөг. Бид энэ удаа бүх үзүүлэлтээ сайжруулан технологийн дагуу нийлүүлж байна. Мотор, хроп, бүх хөдөлгүүр, эд анги, рам, эрэг боолтыг нэгбүрчлэн БНСУ-д үйлдвэрлээд Вьетнам улсад байх салбар үйлдвэртээ нийлүүлж, тэнд эцсийн бүтээгдэхүүн болгоод ойролцоох орнууд руу нийлүүлдэг" хэмээжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын үйлдвэрлэсэн хог бус Хятадад тэр тундаа Вьетнамд байх БНСУ-ын "Daewoo" үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүн болгосон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.