ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Үүрийнтуяа: Улс төрийн намд шинэ соёлыг авчрахуйц сонгууль болох байх

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-25

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны "Дээд чуулган" өнөөдөр "Корпорейт" зочид буудалд болж, шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тэгвэл АЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Үүрийнтуяа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр, “Ардчилсан нам шинэчлэлийнхээ хоёр дахь давалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо дараагийн удирдлагаа сонгох гэж байна. "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо" бол намын дэргэдэх тулгуур бүтэц байгууллага. Намын үзэл баримтлал, үнэт зүйлээ хамгаалах, намд алдагдаад буй жендэрийн болон фракциудын асуудал, улс төрийн намд шинэ жишиг тогтоох алхмуудыг манлайлан хийх зорилготойгоор би "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Бусад нэр дэвшигчдээсээ харьцангуй олон жилийн улс төрийн туршлагатай учир харилцан туршлага хуваалцах, харилцан суралцах зарчмыг баримталж байгаа.

Бид цаашдаа олон жил хамтдаа явна. Олон эмэгтэйчүүд манлайлагчдыг араасаа дагуулах учраас зөв жишгийг улс төрийн намд үзүүлнэ гэж өнөөдрийн сонгуулийг харж байна. Бусад хүмүүс ч тэр талаас нь хараасай. Ардчилсан нам ямар нэг шалгуур тавихгүйгээр өрсөлдөх боломжийг олгож байгаа. Гурав хоногийн өмнө элссэн ч, намынхаа удирдах байгууллагад нэр дэвших боломжтой. Энэ бол ямар нээлттэй нам бэ гэдгийг харуулж буй хэрэг. Тиймээс улс төрийн намд шинэ соёлыг авчрахуйц сонгууль болж чадах байх” гэв. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулганд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд бид цаг үеийн мэдээллийг эрхэм уншигч танд шуурхай хүргэн ажиллах болно. 

Нэр дэвшигч Д.Үүрийнтуяагийн намтрыг уншигч танд хүргэж байна.