Монгол Улсад махны гол нийлүүлэлт жил бүрийн 10, 11, 12 дугаар сард хийгддэг. Мал тооллогын өмнө малчид эргэлтэд оруулах малаа зах зээлд нийлүүлдэг бөгөөд энэ үед тухайн жилийн махны суурь үнийн түвшин тогтдог онцлогтой.
Харин энэ жил малчид зудаас үүдэлтэйгээр малаа зах зээлд борлуулахын оронд сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлэх сонирхол давамгайлснаар зах зээл дэх махны нийлүүлэлт буурсан байна. Үүнээс гадна шатахууны үнийн өсөлт тээврийн зардлыг нэмэгдүүлж, улмаар махны үнэ өсөхөд нөлөөлсөн суурь хүчин зүйлсийн нэг болжээ.
Мөн өнгөрсөн жил улсын хэмжээнд 5016 тонн нөөцийн мах бэлтгэсэн нь түүний өмнөх жилтэй харьцуулахад даруй 3000 тонноор буурсан үзүүлэлт юм. Анх төлөвлөснөөр хонины махыг нэг килограммыг нь 10,000 төгрөгөөр, үхрийн махыг 12,000 төгрөгөөр худалдан авч нөөцлөхөөр тооцсон ч бодит гүйцэтгэл дээр хонины махыг 12,800 төгрөгөөр, үхрийн махыг 14,900 төгрөгөөр худалдан авч бүрдүүлжээ. Энэ нь төлөвлөсөн өртгөөс нэлээд өндөр үнээр нөөц бүрдүүлсэн болохыг харуулж байгаа юм.
Харин энэ жилийн тухайд махны үнийн хөөрөгдөл бий болгохгүйн тулд оновчтой бодлогын шийдвэр чухал байна хэмээн Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн онцоллоо.
