ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Сугир: Д.Бат-Эрдэнэ 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор зарсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-04

Нүүрсний сонсгол өнөөдөр албан ёсоор эхэллээ. Өнөөдрийн сонсголоор нийтдээ 12 гэрч оролцож байгаа бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Сугир: 

-УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаанд буюу гурван жил  25 ам.доллароор 14 сая тонн нүүрс зарсан. "Тавантолгой" ХК-ийн 20 гаруй хувийг эзэмшдэг Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө хувийн компанид ашиг олж байсан. Тухайлбал, "Тавантолгой транс" ХХК ашиг олж байсан нь тодорхой. Хууль бусаар Д.Бат-Эрдэнийг сонгосон цагаас эхлэн "Тавантолгой" ХК ашигтай ажиллаагүй. Ийм тохиолдолд төрийн өмчит 51 хувь ашигтай ажиллах боломжгүй.

Нягтлан бодогч асан Г.Шүрэнхишиг:

-260 тэрбум төгрөгийг орон нутгийн иргэдэд ногдол ашиг хэлбэрээр төлсөн. 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн. Энэ нь 2021 оны тоо шүү дээ. Өөрийнхөө ажиллах хугацаан дахь мэдээллийг өглөө.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа:

-2009 онд "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар энэ хүнийг сонгоорой гэсэн бичиг байгаа эсэхийг санахгүй байна. Уг нь Засаг даргын шийдвэрт үндэслэж асуудлыг хэлэлцдэг. Д.Бат-Эрдэнийг танина. Таньдаг болоод 23 жил болж байна. Д.Бат-Эрдэнийн үеэл дүү Б.Түвшинбаяр ТУЗ-ийн даргаар томилогдсон байна. Энэ хүнийг танина. Хамт ажиллаж байсан. Б.Түвшинбаяр, С.Мөнхбаяр, Р.Зоригтбаатар та нарыг бүгд танина.