Татварын багц хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Сангийн яам Татварын багц хуулийн төслийг боловсруулахдаа улс орон даяар 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Дээрх уулзалт, хэлэлцүүлгээс гарсан 176 мянга гаруй санал болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулав.
-Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал 2.6 их наядаар буурна
-Хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлж, гааль, татварын алба зөвлөх туслах үйлчилгээг үзүүлнэ
-Гааль дээр НӨАТ авахгүй, хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулна
-Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэн хасагдуулна.
-Тайлан залруулах хугацааг 2 жил болгож сунгана.
-Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимоор татвараа улирлаар нь төлөх боломжтой
-Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогын тодорхой хувь хэмжээг ХХОАТ-аас чөлөөлнө
-ААН-үүдийн 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна
-Улаанбаатараас орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ
-Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн 90 хувийн татварын буцаалт эдлэх босго дүнг 2.5 тэрбум төгрөг болгож, эхний 3 жилд 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.
-Иргэдийн сарын худалдан авалтын дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувь буцаан олгоно
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь
1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад 50 хувь
1 сая төгрөгөөс дээш худалдан авалтад 20 хувийг буцаан олгоно.
