Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт байгалийн хий тээвэрлэж явсан автомашин, суудлын машинтай шүргэлцэж, улмаар томоохон хэмжээний дэлбэрэлт болж, ойролцоох орон сууцанд гал гарч, иргэдийн өмч шатсан. Улмаар албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын албаны гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан юм.
Осолтой холбоотойгоор Онцгой байдлын албаны төсвийн асуудал, аврагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудал сөхөгдөж эхлээд буй. Тэгвэл энэ оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр “Ер нь бол сайд нараас ирүүлсэн санал төсөвт байнга танагддаг. Сайд нарын бүх саналыг төсөвт багтаах ямар ч боломжгүй. Шадар сайдын багцад багтдаг Онцгой байдлын албаны 2023 оны төсөв 212 тэрбум байсан. 2024 онд 426 тэрбум болсон. 103 хувийн өсөлттэй буюу хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс урсгал зардал нь 2023 онд 156 тэрбум, 2024х оных нь 216 тэрбум байна. 2024 онд Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын албаны урсгал зардлыг 40 хувиар буюу хамгийн өндөр хувиар нэмсэн. Ялангуяа норм, нормативтай холбоотой урсгал зардлууд нь нэмэгдсэн. 17.2 тэрбум төгрөгт багтааж, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх бүрэн боломжтой.
Гадны тусламж 2023 онд 30.1 тэрбум байсан, ирэх онд 151 тэрбум буюу 38.9 сая евро болж өснө. Онгоцны төслүүд хэрэгжээд ирэхээр ингэж нэмэгдэж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч болгоны хүслийг биелүүлэх ямар ч боломж байхгүй. Төсөв гэдэг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц бололцоогоор хангах асуудал. Үүнийгээ урт, дунд хугацааны хөгжлийн бодлогодоо зохицуулж хийдэг. УОК өчигдөр хуралдсан. Ямар ч байсан эхний ээлжинд таван тэрбум төгрөг гаргаж, хэрэгцээтэй ажилд нь зарцуулъя гэдэг шийдвэр гарсан. Нэн тэргүүнд алтан амиа алдсан алба хаагчдын ар гэрт үзүүлэх тусламжийг шийдье гэдэгт бүгд санал нэгдсэн. Түүнээс биш, машин нь шатсан иргэдийн тухайд, хохирлыг нь даатгал шийднэ. Нүүлгэн шилжүүлэгдсэн айлуудын тухайд, өөр газар амьдрах зардлыг нь буруутан тогтоогдох хүртэл төрөөс түр гаргая гэсэн шийдэртэй байна” гэлээ.