ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Номинчимэг: Зах зээлийн үнээс бага татвар төлж байгааг өөрчлөх шаардлагатай

O.Admin
2024-05-20

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хэллээ.

Тухайлбал, 2010 онд үл хөдлөхийн үнэлгээгээ 600 сая төгрөгөөр тооцуулсан “Хангай” зочид буудал жилд зургаан сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөх ёстой. Гэвч 2010 оноос хойш нэг ч удаа улсад татвар, хураамж төлөөгүй байгаа учраас хотын удирдлагууд татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өмчлөгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Энэ мэт хотын "А" зэрэглэлд байршдаг аж ахуйн нэгжийн үл хөдлөхийн үнэлгээ зах зээлийн үнээс бага байгаагаас шалтгаалж улсад бага татвар төлж байгаа эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгцээ байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн хамгийн бага татвар төлдөг найман аж ахуй нэгжийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Улаанбаатар хотын эдийн засаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнээс авах татвар, бизнесийн үйл ажиллагаа татвараас бүрдэж байдаг. Татвараар хуримтлагдсан хөрөнгийг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний татвар зах зээлийн үнээс бага байна. Цаашид бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварыг нэмэгдүүлэх шаардлага бий. Тухайлбал, “Мандухай” зочид буудал хотын "А" зэрэглэлд байршдаг. Анх 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээ 17.6 сая төгрөг гэж бүртгүүлсэн. Улмаар эд хөрөнгийн албан татварт жилд 0.2 сая төгрөгийг төлж байна. Гэтэл өнөөдөр тус барилгын зах зээлийн үнэ 5.8 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашилбал, Баянгол дүүргийн III, IV хороололд байршилтай “Элбэг” их дэлгүүр 2011 онд үл хөдлөхийн бүртгэлээ 180 сая төгрөг гэж бүртгүүлээд өнөөдрийг хүртэл 1.8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг жилдээ төлж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 7.5 тэрбум төгрөг болсон. Энэ мэт 2000 онд батлагдсан хуулиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж зах зээлийн үнээс бага албан татвар төлж байгаа асуудлыг өөрчлөх шаардлагатай” гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС