ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн өмчит компанийн шинэчлэлийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

O.Admin
8 цагийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.01.23/-ийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хууль санаачлагчийн илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтыг тэргүүлэх чиглэлээ болгон хөтөлбөрийн 3.1.2.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийн багаар удирдуулж, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ” гэж, 4.1.4.2-т “...төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх...” гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон улсын компанийн сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулахтай холбоотой тухайлсан харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төслийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журам, шалгуурыг тодорхой болгох, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчмыг баримтлах, ил тод, нээлттэй байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, улс төрийн томилгоог халах, ногдол ашгийн бодлогыг тодорхой болгох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийднэ. 

Хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тогтолцоо сайжирч, үйл ажиллагааны ил тод байдал, удирдлагын хяналт, үүрэг, хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, компанийн үр ашиг, үнэ цэн өсөж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ.

Мөн Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж бүрдэж, төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, П.Сайнзориг, Э.Батшугар, Б.Энхбаяр, Д.Энхтүвшиг, М.Бадамсүрэн нар асууж тодрууллаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.