ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан MCS-ийн ажилтнуудыг баривчилсан нь үнэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

MCS компанийн охин компани болох "Энержи Ресурс"-ын мэдэлд байдаг Тавантолгойн бүлэг ордын нэг гол орд болох "Ухаа худаг"-ийн хууль бус хувьчлалыг шалгах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсантай зэрэгцэн, тус компани төрийн мэдээллийг хууль бусаар авах гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад баригдаж, улмаар тус компанийн хамгаалалтын алба эрхэлдэг цагдаагийн ажилтан асан З.Төрмандахыг хууль хяналтын байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд цацагдсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл үнэн гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ.

Тэрбээр, ““Ухаа худаг” ордтой холбоотойгоор MCS группын хэд, хэдэн албан тушаалтныг өчигдөр баривчилсан. З.Төрмандах гэгчийг баривчилсан нь үнэн. Монгол Улсад ямар ч мөнгөтэй байлаа гээд хувийн ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Монгол төр хүний эрх чөлөөг хамгаалах зорилгоор хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч төрийн нууц, хуулийн дээгүүр алхаж болохгүй.

Хувийн хэвшил дэргэдээ Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагатай байж болохгүй ээ. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ч ашиглаж болохгүй. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломж алга.

Миний ахалсан ажлын хэсэг маш тодорхой ажиллагаа явуулна. Хууль зөрчсөн үйлдэл байна уу, хэн оролцсон юм бэ гэдгийг шалгаж тогтооно. Хууль зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл өөрөө хүчингүй болно. Стратегийн орд газрыг хэнд эзэмшүүлэх вэ гэдгээ Засгийн газар өөрөө шийднэ. Нэг газрыг фокуслаад байгаа зүйл алга. Шаардлагатай бол бүх орд газрын асуудлыг ч шалгана. Би хувийн өмчийг хураана гэж яриагүй. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хууль ёсны дагуу хөрөнгөтэй болох ёстой.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 2-3 удаа Өршөөлийн хууль гаргаж, авлигачдаа өмөөрсөн. Өнгөрсөн хугацаанд манай улс авлигачдын диваажин болсон байлаа. Хууль бусаар хураасан хөрөнгийг хураах жишиг дэлхий нийтэд байдаг. Бид хууль ёсны иргэний хөрөнгийг хураах тухай огт яриагүй, ярих ч үгүй. Гишүүд MCS компаниас хандив авсан гэх асуудлыг би мэдэхгүй.

Яаж иргэндээ үр өгөөжтэй байх вэ гэдгээ бид ураны Хөрөнгө оруулалтын гэрээгээр жишиг тогтоолоо. Монгол Улсаас баталсан хууль тогтоолын дагуу иргэд стратегийн ордуудаас хувь эзэмших асуудлыг ярих л ёстой болно. Гэмт хэрэг, хууль бус зүйлтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Энэ үүргийнхээ дагуу стратегийн орд газрыг хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлсэн үү, эдгээрт оролцсон албан тушаалтнуудын үүрэг юу юм гэдгийг бид шалгаж, тогтооно. Тэгээд олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулаад явна” гэлээ.