ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Оюундарь: Гэмт хэрэгтэн Б.Махбалын 21 настай хүү гэхэд л найман үл хөдлөх хөрөнгөтэй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-04

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэний өнгөрөгч наймдугаар сарын 14-нд өгсөн чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

О.Баасанхүү: Эрчим хүчний салбар тэг зогсолт хийлээ. Гэтэл энэ асуудалд хэн ч тайлбар хийсэнгүй, өргөдлөө ч өгсөнгүй. Гэтэл хүн үхэхээр л өргөдөл өгдөг юм байна. Ж.Бат-Эрдэнэ сайд замаа барьж чадахгүй бол өргөдлөө өгнө. Харин төрийн албан хаагч амиа алдсан хэрэгт Г.Занданшатар дарга та хариуцлага хүлээж өргөдлөө өгөх ёстой шүү.

Л.Болд: Хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Эрчим хүчний салбар тэг зогсолт хийсэн, хүний амь үрэгдсэн нь 2012-2016 оноос болсон юм гэж яриад сууж байна. АН дангаараа нэг ч удаа засаг бариагүй шүү. МАН-тай л хамтарч байна. Тогтолцоонд байгаа гажуудлаа ярихын оронд өмнөх засаг руугаа бухаад л сууж байна. 2020 он хүртэл ярих байх л даа. 60 тэрбумын схем хэрэгжиж эхэлснээс хойш урьд өмнө нь үзэгдээгүй зүйл гарч эхэлсэн шүү.

Өнөөдөр бид зөвхөн чөлөөлөх асуудлыг ярьж байна. Яам дээр нь аллага гарчихаад, сайд, төрийн нарийн, дэд сайд нь ажлаа өгөөд явчихсан байхад УИХ нь хурлаа зарлахгүй. Яагаад Үндсэн хуулийн дагуу найман сард ажлаа өгчихөөд байхад хурлаа зарлаагүй юм бэ, УИХ-ын дарга аа. Ингэж засаглаж болохгүй ээ. Үхэж үрэгдээгүй л бол УИХ-ын гишүүд тангараг өргөсөн л бол хурал зарласан даруйд ирэх ёстой биз дээ. Гэтэл аль найман сард сайд нь өргөдлөө өгчихөөд байхад хоёр сарын дараа бид өргөдлийг нь хэлэлцээд явж байна.

Г.Занданшатар: 2018 оны наймдугаар сарын 14-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар огцрох өргөдлөө өгсөн. Бид зөвшилцөх бичгийг нь Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Есдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчөөс хариу ирсэн. Энэ дагуу ээлжит чуулганаа зарлаад явж байна. Өмнө нь жишиг явж байсны дагуу явж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзсан байна лээ.

Л.Болд: Ерөнхийлөгч одоо буруутан болж хувирах нь дээ. Ерөнхийлөгч хариу өгөхгүй байсан ч хэлэлцдэг биз дээ. Дордуулсан долоон өөрчлөлтөөр чинь боломж олгосон. Асуудлаа УИХ тавьдаг. Ерөнхийлөгч зөвшилцөх бичиг өгсөн, өгөөгүй нь хамаагүй хэлэлцээд явдаг биз дээ.

Н.Оюундарь: Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад яаж угаах вэ гээд явж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц нэг шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд н.Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай.

Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч бүр замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан н.Дорждагва гэхэд л ХОМ-д мэдүүлээгүй “Лотус” гэж байдаг юм байна. Газрын даргын албан тушаал руу ингэж их тэмүүлж байсан байгаа юм. н.Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан.  Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Шүүх засаглал гэж байдаг юм уу.

Г.Занданшатар: Талийгаачийн ар гэртээ бид удаа дараа уулзсан. Гомдол саналыг нь сонссон. Хуулийн дагуу шийдэгдэнэ гэж итгэж байна аа.