Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулах тогтоолын төслийг Засгийн газраас өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Тэгвэл энэ асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Олон жил гацсан төмөр зам, нүүрсний худалдаа, хил холболт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэхээр болсон. Хоёр улсын Ерөнхий сайд Харбинд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Харин уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах хуультай. Хэлэлцээр дотроо гурван төрлийн компани хоорондын гэрээ явагдах учиртай.
УИХ-аар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулчихсан. Үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү хэлэлцээрийг байгуулж чадсан. Дэлхийн зах зээлд буюу “Трамп тариф”-ын нөлөөнөөс болж олон улсын худалдааны тарифт нэлээдгүй асуудал үүсэж буй. Тухайлбал, гангийн хэрэгцээ дэлхий дахинд нэмэгдэж, нүүрсний үнэ унах гэсэн асуудал үүсэж буй энэ цаг үед хэлэлцээрийн ач холбогдол их байх юм.
Өөрөөр хэлбэл, өмнө бидний борлуулж байсан нүүрс дээр нэмээд өнөө жил таван сая тонн нүүрс нэмж борлуулна. 400 сая ам.долларыг нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэж байна. 70 жилийн дараа хийгдэж буй хоёрдахь том төмөр замын хил холболт гэдгээрээ онцлог. Гашуунсухайт-Ганцмодоо холбосны дараагаар Шивээхүрэн-Сэхэй, Хангимандал, Бичигт-Зүүнхатавч, баруун зүүн коридороор төмөр замаа холбох ажлууд үе шаттай хэрэгжинэ" гэлээ.