Монгол Улсын Хөгжлийн банк стратегийн том төслүүдийг санхүүжүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, хөгжлийн институтийн үүрэг гүйцэтгэх, экспортын орлогыг өсгөн, валютын нөөц бүрдүүлэх эх үүсвэр болохуйц бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлэхээр чиг үүргийн томоохон өөрчлөлт, хуулийн шинэчлэлт хийж байгаа билээ.
Хууль эрх зүйн хүрээндээ зарчмын өөрчлөлт хийж, чиг үүрэг, эрхлэх ажил үйлчилгээгээ цогцоор нь шинэчлэн, засаглал, менежментээ сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд Олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүний нөөцөө үе шаттайгаар чадавхжуулж байгаа. Энэ удаад Хөгжлийн банкны комплаенсийн удирдлагын тогтолцоог сайжруулах зорилгоор БНСУ-ын Банкуудын холбоотой хамтран комплаенсийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа дотоодын хууль тогтоомж болон олон улсын стандарт, дүрэм журам, гэрээ хэлцлийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахад засаглал, менежментийн ур чадварыг сайжруулахад чиглэж байна.
Монгол Улсын Хөгжлийн банк Азийн тэргүүлэх эдийн засаг БНСУ-ын банкны салбарын орчин үеийн шинэлэг арга зүйд суурилсан сургалтыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхжуулах нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг хянах, гүйцэтгэлд санхүүгийн хяналт тавих, санхүүгийн сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа БНСУ-ын Банкуудын холбооны сургалт хариуцсан захирал Сан Чол Ли-г хүлээн авч уулзан, Өмнөд Солонгосын банкууд тэр дундаа бодлогын банкны комплаенсийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, орчин үеийн чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр тэрээр Хөгжлийн банкны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг бууруулах, комплаенсийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсаас эх үүсвэр татан төвлөрүүлэхэд засаглалын сайн тогтолцоог нэвтрүүлэх нь нэн чухал гэдгийг онцолсон юм. Мөн БНСУ-ын Банкуудын холбооны сургалт хариуцсан захирал Сан Чол Ли хэлэхдээ “аливаа банк, санхүүгийн байгууллагын комплаенсийн тогтолцоог орчин үеийн хөгжилтэй уялдуулан шинэчлэх нь тухайн банкны өсөлт, хөгжлийг дэмжээд зогсохгүй, хувьцаа эзэмшигчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг хянадаг цогц арга механизмыг бий болгодог” гэдгийг онцлон хэллээ.