ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-аас авлигын 100 МАН-лай кампанит ажил эхлүүлжээ

O.Admin
1 цагийн өмнө

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр 4:11 мэдээллийн цагийн үеэр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "МАН авлигачдыг намаасаа хөөж байгаа гэх боловч хэдэн их наяд төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг буцааж томилж байгаа юм байна.

Энэ авлигатай хийх тэмцэл мөн үү. 10 жилийн өмнө “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэх 60 тэрбумын Ц.Сандуй МАН-ын даргын зөвлөх болж байна. Ц.Сандуй МАН-д төрийг 6 их наядаар худалдаж авах зөвлөгөө өгөх гэж байгаа юм уу.

Энэ удаа Ардчилсан Нам өнгөрсөн 10 жилийн авлигын 100 МАН-ЛАЙ кэйсийг ард түмэндээ дахин сануулж, ой тойнд нь сэргээж, нэгдсэн дата мэдээлэл, баримтыг төвлөрүүлэн сануулах зорилгоор нэг сарын хугацаатай “АВЛИГЫН 100 МАН-ЛАЙ” кампанит ажлыг эхлүүлж байна. 

МАН сүүлийн 10 жил тасралтгүй дангаар засаглаж байна. Энэ хугацаанд авлигатай тэмцэнэ гэсэн ч авлигын индекс, үзүүлэлтүүд дотоод гадаад аль ч судалгаагаар тасралтгүй уруудаж ирлээ. 2026 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс өмнөх оноос 10 байр ухарч 180 орноос 124 дүгээрт жагсаж байна.

МАН авлигатай тэмцэж байна гэж дүр эсгэхээ болих хэрэгтэй. Үе, үеийн дарга нар нь өмнөхөө авлигачин байсан гэж “Би үүнийг өөрчилнө” гэж хэлдэг. Ингэж явсаар 10 дахь жилтэйгээ золголоо" гэлээ. Мөн "Ардчилсан Намын дотоод сонгуульд саналын эрхтэй оролцох гишүүдийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт хаагдсан. Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд нийт 167.600 гишүүн бүртгүүлснээс 65.625 гишүүн Ардчилсан Намд шинээр элсжээ. Шинээр элссэн гишүүддээ талархал илэрхийлье.

Шинээр элссэн гишүүдийн 79 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол гишүүдийн татвар төлөлт 88 хувьтай үргэлжилж байна. Гишүүдийн насны дундаж нь 35-44 байна. Сонирхолтой тоо баримт дурдахад, 18 настай 2077 гишүүн шинээр элссэн бол 80-аас дээш настай 114 гишүүн бүртгүүлжээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.