Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 23 асуудал хэлэлцэж, ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Архангай аймагт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж хуралдсаныг та бүхэн мэдэж байгаа байх.
Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөгөөн” хийлээ. Тус зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгч, дарга нар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд таван салбар хуралдаан зохион байгуулж, нэгтгэсэн санал гаргалаа.
Улмаар, хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын хуралдааны тогтоолыг баталсан. Тус бүсийг “Аялал жуулчлалын төрөлжүүлсэн бүс” болгон хөгжүүлэх чиглэлээр тогтоолыг газар дээр нь баталж, жижиг аж ахуйн нэгжийг дэмжих “Хөгжлийн гүүр” бичил төслийг хэрэгжүүлэхээр тогтлоо.
Мөн бүсийн нутаг дэвсгэрт үүлэн шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх үүднээс цаг агаарын радарын станцыг холбогдох төхөөрөмжийн хамт Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдлээ. Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрч, тус хотын зөвлөлийг байгуулсан. Ерөнхий сайд тус хотод очиж ажиллаад ирлээ. Мөн Бага Илбэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км, Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн 53 км, Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км автозамын зураг төсвийг боловсруулах төсвийг нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ.
Мөн Өндөргэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Тус ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална. Бүсийн хөгжлийн зөвлөлийн шийдвэрүүд маш хурдан хугацаанд гарч байгаа учраас бүсчилсэн хөгжлийн бодлого илүү амь орох, цаашлаад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөөд шийдэх шаардлагатай олон асуудал газар дээр нь шийдэгдэж байгаад иргэд талархалтай байна. Дараагийнх Баянхонгор аймагт болно” гэлээ.
Хангайн бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд
-Байдрагийн Усан цахилгаан станцын байгаль орчны үнэлгээг нарийвчлан хийх
-Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд эхэлнэ. Нарны болон баттерей хуримтлуурын станцын төслийн ТЭЗҮ-г хийх
-Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийг Булган аймгийн Рашаанд, Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийх
-Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн автозам
-Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Архангай аймгийн Булган сум чиглэлийн автозам
-Арвайхээр, Тарагт, Уянга сум чиглэлийн автозамын төслүүдийн ТЭЗҮ-г боловсруулах санхүүжилт
-Өвөрхангай аймгийн Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх автозамын төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах
-Архангай аймгийн Цэнхэрийн рашаан орчмын аялал жуулчлалын бүсийн тохижилт
-Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд цэвэрлэх байгууламж, цэвэр бохир усны шугам шинээр барих
-Хөдөө аж ахуйн болон бусад Их дээд сургуулийн салбар сургуулийг байгуулж, мэргэжлийн болон техникийн сургуулийг өргөтгөх
-Мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, боловсруулалтын түвшинг ахиулах хүрээнд үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах төслийг бүсийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх шийдвэрийг тус, тус гаргажээ.