УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож улс төрийн намуудтай хамтарсан Засгийн газар байгуулсан асуудлаар намынхаа Бага хурал болон Удирдах зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү бүлгийн хуралдаанд ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мөн оролцжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын даргыг өрөөндөө дуудсан билээ.
Тэгвэл энэ талаар бүлгийн дэд дарга А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө. “Бүлгийн хуралдаан дуусаагүй байна. Долоон асуудал хэлэлцэж байгаа. Намын даргаас гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцлоо. Ерөнхий сайдын тухайд хэвлэлээр илэрхийлсэн байр сууриа бүлгийн хуралд мөн хэлсэн. Тухайн асуудлыг говийн бүсэд явж байхдаа сонссон.
Хүүтэйгээ энэ асуудлаар ярилцсан. АТГ-аас өөртэй нь холбоотой болон хүүтэй нь холбоотой мэдээллийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдэгдсэн юм билээ. Хүү нь энэ долоо хоногт ирж мэдээлэл өгөх юм байна. Ерөнхий сайд өөрөө би итгэл төгс байна, надад хууль бусаар олсон зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн хууль ёсны дагуу шийдвэр гараагүй учраас бид хэн нэгнийг шууд буруутай гэж үзэх боломжгүй.
Намын даргын хувьд Удирдах зөвлөл болон Бага хурлаа хуралдуулж улс төрийн намуудын нэгдлийн асуудлыг ярина гэдэг санал Намын даргаас бол гарсан. Учир нь улс төрийн бусад намууд буюу хамтарсан Засгийн газарт байгаа намуудын гишүүд “Хамтарсан Засгийн газарт байх нь буруу” гэдэг зүйлийг гадуур илэрхийлж байгаа учраас хамтарсан Засгийн газраас гаргах уу, гарах уу гэдэг нь Удирдах зөвлөл болон Бага хурлаар яригдах юм. Удирдах зөвлөлийн тов гараадхаг. Бүлгийн хурлын дараа шийдэгдэх байх аа. ХҮН-ын бодлогын зөвлөл шийдвэрээ гаргасан байна лээ. АН-ын бүлэг нь бүлгийн даргаа ирсний дараа шийдэх юм билээ. Улс төрийн намууд хамтын шийдвэрээ гаргаад, байр сууриа тус бүрнээ илэрхийлээд явах байх” гэлээ.