ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Даваадалай: 14 компанийг татан буулгаснаар 260 тэрбумын хэмнэлт хийгдлээ

O.Admin
3 цагийн өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. 

“Эрдэнэс Монгол”  нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар "Чингис хаан үндэсний баялгийн сан" нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай "Олон жилийн турш яригдсан Төрийн өмчит компаниудын шинэчлэл, өөрчлөлт, үр ашиггүй хэмнэлтийн асуудлаар бодитой шийдвэр гаргалаа. Иргэн болгоны дансанд байгаа 306 мянган төгрөгийг яаж өсгөж үржүүлэх, баялгийн үр өгөөжийг иргэдэд илүү хүртээх чиглэлд томоохон шинэчлэл хийгдэж байна. Энэ хүрээнд Эрдэнэс Монголын дараагийн шатны хөгжлийг эхлүүллээ. 19 жил болж буй энэ компанид алдаа оноо, сургамж мэдээж байгаа. Дараагийн шатанд хөрөнгө оруулалт татдаг, IPO гаргадаг, иргэдэд бодит өгөөж очдог хэлбэрт шилжүүлнэ.

Уул уурхайн компаниудад түлхүү менежментийн үйлчилгээ үзүүлэхээс гадна төрийн өмнөөс ТӨК-иудаас орлого татаж, хуримтлалын санд төвлөрүүлдэг. Мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Цаашдаа орлого төвлөрүүлээд зогсохгүй хөрөнгийн удирдлага буюу хөрөнгө оруулалт татах, олон улсын жишигт нийцүүлэх буюу хуульд байгаа хөрөнгийн удирдлагын үүргээ илүү хэрэгжүүлэх боломж бүрдлээ" хэмээлээ. ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд  “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов.