ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн хурал болж өнгөрлөө

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордонд  боллоо. Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн даргаар ажилласан Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын үндсэн хууль, Монгол Ардын Намын дүрэмд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах болон бусад асуудлыг өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаар шинээр Ерөнхий сайдад нэр дэвших дөрвөн нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Бага хурлын VII хуралдааны өмнө Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Гомбожавын Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр  санал болгож, Бага хурлын гишүүдэд танилцуулсан. 

Хурлын явцад  Бага хурлын гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж, дүнгээ гаргаад байна.

Бага хурлын үеэр  Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс өнөөгийн үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар 50 гаруй хүн асуулт асууж,  санал бодлоо илэрхийлсэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн хурал болж өнгөрлөө. Бага хурлын VII хуралдаанд 347 төлөөлөгч оролцож, 67.84 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Бага хурлын гишүүдийн шийдвэр гарч, тогтоол батлагдсан учир маргааш бид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шинээр Ерөнхий сайдад томилуулах саналаа хүргүүлэх болно. Бага хурлын гишүүд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн асуудлыг олон талаас нь ярилцаж энэхүү шийдвэрийг гаргалаа” гэсэн юм.