ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдрийн байдлаар 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна

O.Admin
5 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.20/-ийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.7 хувийн саналаар дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

3асгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Стандартчилал, текникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч тэдгээрийн хэрэгжилт, мөрдөх хэвшил, хэрэглээ, соёл сул байна.

Хуулийн төсөл 8 бүлэг, 36 зүйлтэй. Хуулийн төсөлд хяналт, зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын итгэмжлэл, баталгаажуулалтын системд нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан стандартын үйлчилгээний шинэ шат руу шилжих суурийг тусгасан байна. Үндэсний болон олон улсын стандартыг нутагшуулах, хэрэглэх уян хатан орчныг бүрдүүлснээр гадаад худалдааг дэмжих боломж бүрдэх ач холбогдолтой ажээ. Стандартаар дамжуулан салбарын бодлогыг хэрэгжүүлж зохицуулалт хяналтыг илүү боловсронгуй болгох, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэндийг хамгаалах, орчны аюулгүй байдлыг хангах, цаашлаад өрсөлдөх чадвартай иргэн, улсыг бий болгох тогтолцоог бүрдүүлэхийг зорьжээ.