ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Гүнбилэг: Непалдая гээд эхэлнэ шүү, гишүүд болгоомжтой байгаарай

O.Admin
10 цагийн өмнө

МАН-д үүссэн асуудлаар хуульчид байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, нэгэн цагт УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх явсан хуульч Б.Гүнбилэг  “Одоо мөрдөн байцаах, шалгах ажиллагаанд улстөрчид нөлөөлж болохгүй гэдэг хуультай, үндэс суурь нь тэр. Шалгадаг нь шалгаад, явдаг нь яваад агуулгаа бариад яваач ээ. “Непалдья” гээд эхэлнэ шүү.

Энэ сөрөг байдал гүн саарал ангал руу аваачиж хийгээд, бид бүгдээрээ маш догшин, бие биесээ үзэн ядсан гэнэтийн хямрал руу орчихно. Энэ хямрал нь бидэнд огт ашиггүй, улстөрчид өмсөж зүүхдээ санаа зовохгүй учраас байдгаараа л амьдарна. Буцаад бид нарт юу ирэх вэ гэхээр төсвөө батлуулж чадахгүй, түүнийг дагаад улс орон хямарна. Дээрээс нь гадны хөрөнгө оруулалт зэрэг бидэнд итгэдэг итгэлийн индекс багасна.

Ялангуяа намын анхан шатанд ажиллаж байгаа хүмүүст хэлэхэд Ардын нам даргынхаа асуудлыг шийдчихсэн. УИХ-ын гишүүд бол дээд эрх мэдлийн эрэмбэтэй, ашиг сонирхолтой улстөрчийн карьер гээд их хувийн эрх ашиг байгаа.

Тэгэхээр тэднийг даган хөөрөөд байлгүй намын гишүүд нь эв нэгдэлтэй байх хэрэгтэй. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас энгийн гишүүд өөрсдөө дэгтэй байгаарай. Маргааш ч юм уу, дараа ч юм уу орон нутгаас бид нар энийг дэмжихгүй байна, жагсаал хийнэ гээд элдэв лоозон бариад гараад ирвэл энэ улсын Үндэсний аюулгүй байдал, Тусгаар тогтнолд нөлөөлж эхэлнэ гэдгийг санах хэрэгтэй

Улсын дээд шүүх намын дотоод асуудлын маргаан тасалдаг газар биш. Зөвхөн бүртгэл хийдэг. Тухайлбал та нэг компани байгуулах гээд бүртгүүлэхтэй яг адил. Л.Оюун-Эрдэнэ шинээр намын дарга болсон хүнтэйгээ маргаангүй, хурал нь хүчинтэй гэсэн үг. Ардчилсан намыг яагаад бүртгээгүй вэ гэвэл хоёр өөр хурал болоод хоёр тамгатай, хоёр намын даргыг бүртгүүлэхээр дээд шүүхэд хандсан юм билээ.

Тиймээс МАН Ардчилсан нам шиг боллоо гэж ярих хэрэггүй. Намайг намаас хөөж байна, би тэднийг эх орноосоо хөөнө гэх байдлаар ХЗДХ-ийн сайд болох гэж байгаа хүн ярьж болохгүй. Монгол улсын Үндсэн хууль болон манай улсын хуульзүйн дэглэм юу вэ гэхээр ямар ч хүн гэмт хэрэг үйлдсэн бай улс орноосоо хөөхгүй зарчимтай. Тийм учраас хэлж ярьж байгаа зүйлдээ бүгдээрээ маш анхааралтай, нийгэмд яаж нөлөөлж байна гэдгийг анхаарч байхыг хүсье” гэжээ.