ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов

O.Admin
3 цагийн өмнө

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм. 

Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 01-нээс 10-ны хооронд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй байхыг санууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд 1300 фермер, ААН-ээс 5 сая литр сүү нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 2400 фермерээс 19.6 сая литр сүү нийлүүлдэг болсон төдийгүй гурван аймаг нь 13 болж нэмэгджээ. ЕБС-иудад хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөрийг Засгийн газар ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд төсвийг нь сүүний урамшуулалтай адилхан ирэх оны төсөвт бүрэн тусгана. 

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан блансын дүн мэдээг танилцуулав. Монгол Улс энэ хавар 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тариалжээ.

Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ буюу түлшний хангалтыг таслахгүй байх, 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр анхаарч ажилласны үр дүнд 555.3 мян.тонн улаанбуудай, 168.2 мян.тонн төмс, 220 мян.тонн хүнсний ногоо, 50 мян.тонн тосны ургамал, 200 мян.тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан бланс гарчээ. Ингэснээр, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй мян.тонн улаанбуудай илүү тариалсан сайн мэдээтэй байна.